2021 оны 8-р сарын 13-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрог, Хэнтий аймгийн 18-р тойрогт оролцох 9 нам, 1 эвслийг бүртгэж, батламж гардууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ 2021 оны 9-р сарын 1-ний дотор тодруулах шаардлагатай.
Нэр дэвшигчид хэн вэ?
Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Энхбаярын Батшугар хоёр яригдаж байна. Сандагсүрэнгийн хувьд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хүн бөгөөд өнгөрсөн 1-р сард Ковид 19 цар тахалтай тэмцэх ажлаа хангалтгүй хийж байгаа шалтгаанаар Сумъяабазарыг огцруулах тухай яригдахад Сандагсүрэн 1-р орлогчийн ажлаа өгч 2-р орлогч болсон байдаг. Энэ үед Сандагсүрэнг СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх. Харин Батшугар нь цаг хугацааны хувьд үүнээс хойно буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН намыг нэгтгэх үед Энхбаяртай тохирсон тохироо гэх. Үндсэндээ Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ дэвшүүлж чадах уу эсвэл Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ амласандаа хүрч чадах уу гэдгийг харах үлдлээ. МАН-ын Бага хурал ширүүн болох нь ээ.
ХҮН-аас Д.Энхбат, Д.Жаргалсайхан, Б.Мөнхзул, Б.Найдалаа, Б.Насанбилэг нарын нэр сонсогдож эхэллээ. Дангаасүрэнгийн Энхбат нь өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон зоригтой, мартагдаагүй байгаа дээрээ нэр дэвшээд гараад ирэхэд хэн ч гайхахгүй, сонгогдох өндөр боломжтой нэр дэвшигч байх болов уу. Дефакто Жаргалсайханыг ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр гуйгаад бараагүй, харин энэ удаад зориг орсон байх магадлалтай. Тэрбээр сүүлийн үед ХҮН-ыг дэмждэгээ хүчтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд маш идэвхтэй ажилласан. "Жүр Үр" компанийн Б.Мөнхзул нь улс төрд хүч үзэхээр өөрийгөө бэлдэж байгаа бөгөөд ХҮН-тай ойрын харилцаатай гэх. Шударга, боловсролтой, эмэгтэй нэр дэвшигч гарч ирвэл цахиур хагалах бүрэн боломжтой. Нэр дэвших боломжтой дараагийн кандидатуудад ХҮН-ын өмнөх дарга Б.Найдалаа, Зүй ёс намын дарга Б.Насанбилэг нар зүй ёсоор орж байна. Сонирхуулахад, өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ эвсэл, ЗӨВ ХҮН Электорат эвсэл, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл гэсэн 3 эвсэл оролцсон бол энэ удаагийн нөхөн сонгуульд зөвхөн "ЗӨВ ХҮН Электорат" эвсэл үлдэж нөгөө 2 эвсэл нь задарсан байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо нь С.Эрдэнэ, М.Тулгат нарын тэргүүлж байгаа АН-ыг бүртгэсэн бөгөөд энэ намаас Боловсролын сайд асан Лувсаннямын Гантөмөр, Монгол улсаас Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нарын нэг нь нэр дэвших өндөр магадлалтай байна. Сүүлийн өдрүүдэд С.Эрдэнэ нэр дэвшинэ гэх яриа гарсныг тэрбээр саяхан өөрөө үгүйсгээд байна. Энэ нөхөн сонгууль нь хоёр хуваагдсан АН нэгдэх боломж үүсгэж болзошгүй талаар улс төр сонирхогчид ярьж эхэлсэн байна. Энэ нь С.Эрдэнэ О.Цогтгэрэл даргатай нөгөө хэсгээс нэр дэвшигчээ тодруулах, хариуд нь намаа авах тохироо хийж байгаа гэх яриа бөгөөд энэ яриа өнгөрсөн пүрэв гарагт нөгөө АН-аа сонгуульд хамтарч оролцохыг уриалсан хэвлэлийн хурлаар эхэлсэн гэх. Хэрэв энэ тохиролцоо амжилттай болбол АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж, улс төрд эргэн ирэх магадлал өндөр болно.
Бусад намууд болон бие дааж нэр дэвшигчдийн дунд өнгөрсөн сонгуульд нэр дэвшигч тоймч Ш.Гантулга, Үнэн ба Зөв намын дарга Г.Отгонбаяр, Ардын жүжигчин Сувдын хүү Т.Бат-Оргил нарын нэр сонсогдож эхэллээ. УИХ-ын суудал МАН-д багадаагүй, харин парламентад хүчтэй сөрөг хүчин дутагдаж байгаа тухай иргэд ярьж эхэлжээ. МАН улс орноо бодвол нөхөн сонгуульд оролцохгүй гэж мэдэгдвэл нэр хүнд нь илүү өсөх байлаа гэх яриа ч гарч байна. Ямартай ч энэ удаагийн нөхөн сонгууль халуун болох нь ээ.
А.Сүх
Сэтгэгдэл (13)