Үнэхээр төр нь намайг олж харж, асуудлыг шийдэхгүй юм бол түмэн олон үнэний төлөө яваад үхэж гэнэ л ээ гээд үүрд дурсаж, гашуун үнэнийг мэдэж аваг
Төрдөө гүтгүүлж, гомдсон жирийн монгол ээж нэр төрөө сэргээлгэхээр Төрийн ордоны гадна суулт зарлаад 45 хоног боллоо. 20 гаруй жил ханилсан хань нь төрийнхөө төлөө албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар онгоцны ослоор амь насаа алдсан бол өдгөө гэргий нь Төрийн ордны хашааг налаад амьсгал хураадахад ойрхон байна.
Тодотговол, С.Цэвээний нөхөр Б.Сонинпил нь Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа нэгэн байжээ. Тэрбээр цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан байгаад 1990 онд 43 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор нас барсан аж. Тухайн үед ар гэрийнхэнд нь төрөөс нэг ч төгрөг өгөөгүй атал 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт саяхан ил болсон байна. Тиймээс талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь энэхүү асуудлыг хөөцөлдсөн ч арга мухардаж, эцэстээ нэр төрөө сэргээлгэхээр суулт зарлахаас өөр сонголтгүй болсон юм. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл 45 хоног Төрийн ордоны баруун хаалганы гадна суулт зарласан С.Цэвээний асуудлыг төр шийдэж дөнгөхгүй өнөөдрийг хүрэв. Хаврын жихүүн өдөр, зуны аагим халуунд 70 гаруй насны хүн тэмцэл хийгээд суух нь ямар хэцүү байх нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл асуудлыг шийдэх эрх мэдэл, албан тушаалтанууд нь нүдэн балай чихэн дүлий байсаар л. Харин хоног хугацаа өнгөрөх тусам настаны бие чилээрхэж, үхэл амьдралтай тэмцэж байна. Гэвч С.Цэвээн нэгэнт шийдсэн.
"Хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна. Үнэхээр төр нь намайг олж харж, асуудлыг шийдэхгүй юм бол түмэн олон үнэний төлөө яваад үхэж гэнэ л ээ гээд үүрд дурсаж, гашуун үнэнийг мэдэж аваг. Хань минь 43-хан насандаа төрийнхөө төлөө зүтгэж яваад хайртай бүхнээ орхиод одсон. Харин одоо надад Төрийн ордоны гадна хашааг налаад үхэхэд үнэндээ гомдол алга. Ингэж л нэр төрөө сэргээлгэж байж нөгөө ертөнцөд ханьтайгаа сэтгэл амар уулзах болно" хэмээх харамсалтайгаар ханиа алдсан монгол ээжийн үг ямар гашуун бэ.
Х.Нямбаатар сайдад энэ асуудлыг эцэслэхгүй байх сонирхол байна уу
Долоодугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр зөвлөх нь С.Цэвээнтэй уулзаад “Асуудлыг шийднэ. Засгийн газар эвлэрлийн гэрээ байгуулж, таниас уучлалт гуйх болно. Энэ асуудалд эхнээсээ ХЗДХ-ийн яам хариуцагчаар орж байсан учир Х.Нямбаатарт сайдад хариуцуулж байгаа” гэдгийг хэлсэн байна.
Гэвч эл өдрөөс хойш 15 хоног өнгөрсөн ч Х.Нямбаатар сайд хариу өгөөгүй аж. Ерөнхийлөгч үүрэгдэж, эвлэрлийг гэрээ байгуулах чиглэл өгсөн атал ямар учраас Х.Нямбаатар сайд ийнхүү олон хоног “таг” болов.
Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийг хамгаас илүү дээдлэх учиртай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд ийм тоомжиргүй хандаж байгаа үнэхээр хачирхалтай.
Нэгэнт төрөөс мөнгө олгосон гэсэн баримт нь архивт хадгалагдан үлдсэн ч хэн гэж хүн авсан, ямар хүн хүлээлгэн өгсөн зэрэг санхүүгийн баримт нь байхгүй. Сайд нарын зөвлөлийн тогтоол нь олдохгүй байгаа зэрэг шалтгаанаар сунжирч байгаа гэх тайлбарыг албаныхан өгдөг аж. Угтаа энэ асуудал хөндөгдөж, шүүх дээр очиход ХЗДХ-ийн яам, Дотоод хэргийн их сургууль хариуцагчаар оролцож байсан учир тэд бүгдийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Харин өдгөө ийнхүү асуудлыг сунжруулж байгаа шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татаж байна.
Талийгаач нөхрийг нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан хэмээн төрөөс тухайн үед 700 мянган төгрөг олгосон гэх баримт нь архивт хадгалагдаж байгаа ч жинхэнэ эзэддээ хүрээгүй болох нь ил болчихоод байхад төр уучлалт гуйж, үнэнтэй эвлэрч чадахгүй жирийн монгол ээжийн амь насыг үнэгүйдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (20)