Эмэгтэй тамирчин алтан соёмбот туг залж монголчуудын хувьд эхлүүлсэн Токиогийн Олимпоос манайхны анхны медалийг жудогийн тамирчин М.Уранцэцэг хүртэв. Токиогийн дэвжээнүүдэд тоос босч байх чухал үйл явдлын хойгуур манай гадаад харилцаанд дутуугүй чухал нэг үйл явдал болсон нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шэрман Улаанбаатарт ажиллав.
Тэрбээр Азийн орнуудад хийх ажлын айлчлал, аянаа 18-нд эхлүүлж Япон, дараа нь БНСУ-д очоод, тэндээсээ Монголд ирж буй нь энэ. Вэнди Шэрман бол 90-ээд оны эхнээс АНУ-ын Төрийн департаментад өндөр түвшний хариуцлагатай алба хашиж иржээ. Б.Клинтоны үед Хойд Солонгостой цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр, Б.Обамагийн үед Ирантай мөн ийм хэлэлцээр хийхэд Америкийн талын гол хүн нь байсан юм.
Тэрбээр өчигдөр манай Гадаад харилцааны дэд сайд, УИХ-ын даргатай албан ёсоор уулзсан бол Гадаад харилцааны сайдтай харин албан бусаар уулзсан байна. Албан бус уулзалтаар тэд Америкт сурах монгол оюутны тоог нэмэх, визийн нөхцөлийг хөнгөлөх зэрэг асуудалд заавал дэвшил гаргахаар тохиролцсон ажээ. Ер нь бол гадаад харилцаанд албан бусаар уулзаж ярьсан яриа ёс төдий байх биз гэж бид бодож болох ч, үнэндээ бол тийм биш харин ч ажил болдог гэж энэ форматыг их чухалчлах явдал дипломатын салбарт байдаг.
Ийм нөхцөлд уулзаж ярилцсан ажил маш хурдан бүтэж, манай монголчуудад хэрэг болсон жишээ ч бий. Энэ уулзалт тийм жишээн нэг болох болов уу хэмээн ажиглагчид найдаж буй. Вэнди Шэрман өнөөдөр БНХАУ руу мордоно. Хятадууд түүнийг ямар түвшинд хүлээж авах нь гадаад харилцааны салбарын бас нэгэн сонирхолтой сэдэв билээ.
Б.Сүх
Сэтгэгдэл (2)