Орон нутагт бүртгэгдэж буй коронавирусний халдвар хэдийнэ Улаанбаатарынхаас давж, орон нутагт нөхцөл байдал хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Монгол Улсад хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 7,400 ор байна. Харин орон нутагт дахь эмнэлгийн орны тоо маш бага.
Тиймээс орон нутагт халдвар нэмэгдсээр байвал орны хүрэлцээ тодорхой хэмжээнд асуудалд орно. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчний хангалт хязгаарлагдмал буюу халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн маш цөөхөн. Хэрэв халдвар өнөөдрийн түвшнээс хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүний тоо өсвөл хамгийн түрүүнд орон нутагт төвөгтэй байдалд орохоор байна.
Тиймээс бид үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Орон нутагт өмнө нь нийт 1,000 давж байсан үе бий. Энэ нь өнөөдрийн аймгуудад бүртгэгдэж буй 600, 700 тохиолдол бага мэт харагдаж байгаа ч нийслэлээс давсан үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Тиймээс халдвар нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарах нь гарцаагүй болчихоод байна.
Зарим аймгаас хүнд хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэллээ. Орон нутгийн эрүүл мэндийн тусламжийг чадавх Улаанбаатарын нэгдсэн эмнэлэгтэй харьцуулах боломж байхгүй бид өнөөдрөөс эхлэн анхаарах ёстой. Хэдийгээр бид орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулж байгаа ч тэр нөөцөөс давсан буюу бидний бэлтгэлээс давсан асуудал үүсвэл тэнд маш хүндрэл үүснэ" гэдгийг мэдэгдсэн.
Гэтэл өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, 128 бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах шийдвэрийг гаргасан байх аж.
Энэхүү шийдвэрийг Монголын Үндэсний бөхийн холбоо олзуурхан хүлээн авчээ. Тус холбооноос өөрийн цахим хуудснаа "МЭДЭЭЛЭЛ: Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн.
УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах..." шийдвэрийг гаргалаа. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО" гэх мэдээллийг оруулжээ.
Ингэхээр орон нутагт халдвар нэмэгдэж, улаан бүс болох магадлалтай байгаа ч УОК орон нутагт "наадах" зөвшөөрөл өгчихөж байгаа бололтой.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)