О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүйг эсэргүүцэж, УИХ дахь АН-ын бүлгийн долоон гишүүн болох Н.Алтанхуяг, Ц.Туваан, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Н.Ганибал, С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар Төв талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Өчигдрийн 17 цагийн орчимд эхэлсэн өлсгөлөн одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр орой Төв талбайд майхан, гудас зэргийг оруулах гэхэд цагдаа нар булаан авч, гишүүд болон цагдаа нарын хооронд багахан үймээн дэгдсэн юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга Ч.Чинбат ““Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулах, гэр майхан барихыг хориглодог. Дээрээс нь улс орны хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглох хуулийн заалт бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүдээс энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Хэрэв шаардлагатай бол албадан таслан зогсооно” гэв.
Одоогийн байдлаар Төв талбай руу хэнийг ч нэвтрүүлэхгүй, цагдаа нар хүчлэн хамгаалалтад гарсан байдалтай байна. Ялангуяа хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд учир шалтгааныг лавлахад ямар нэгэн тайлбар хэлэхгүй байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)