Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг. Ийм явдал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний жанжин штаб, Г.Сайханбаяр сайдтай Батлан хамгаалах яаманд болж байна. Эдгээр эрхмүүд төрийн цэргийн байгууллагуудыг зөвлөмж, удирдлагаар хангаж, цэргүүдийн эрүүл мэнд, амь насыг эрсдүүлэхгүй үүрэг хүлээсэн атал үүнийгээ умартсанаас өнөөдөр олон байлдагч энхтайван цагт амь насаараа хохироод байна. Хамгийн сүүлд гэхэд л Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б энэ сарын 28-нд даргадаа зодуулан хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн ч гурав хоног ухаангүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.
Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн юм.
Энэ байдал цэрэгт дарамт шахалт, дэг байгааг гэрчлэн харуулсан явдал юм. Ийм жишээг дурдвал олон. Энэ бүрт ЗХЖШ-аас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээдэг ч яг тооцсон эсэх нь ихэд эргэлзээтэй үлддэг. Батлан хамгаалах яамны болоод ЗХЖШ-ын удирдлагуудын хариуцлага тооцно гэх улиг болсон үгэнд бид хэдийг болтол итгэж, найдаж суух вэ.
ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон дарга тэргүүлдэг. Харин цэргийн дэглэлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах ёстой хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга юм.
Иймд эх орноо хамгаалах үүрэг хүлээн цэргийн албанд мордсон цэрэг эрс амь насаа алддаг асуудалд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга та хариуцлагаа хүлээх цаг нь иржээ. Олон аавын хүү энх цагт эр цэргийн албанд алтан амиа дахин алдахгүйн тулд шүү дээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (10)