Монгол Улс оргил ачааллын цагт ОХУ-аас импортоор худалдаж авдаг байсан цахилгааны зардлаа бууруулж, дотоодын хэрэгцээгээ хангах сайхан боломжийг бүрдүүлжээ.
Тодруулбал, “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаа 16 хувиар нэмэгдүүлж, мөн цахилгаан үйлдвэрлэдэг машинуудаа шинэчилснээр 25 жил тасралтгүй ажиллах боломжтой болсон байна.
Машин шинэчлэлтийн ажлыг 268 тэрбум төсөвт өртөгөөр хийжээ.
“Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-ийн төслийн дэд зохицуулагч Л.Баасан “Цахилгаан үйлдвэрлэдэг машины генератор, өндөр, дунд, нам даралтын цилиндрээ бүрэн сольсон. Үндсэндээ урсгал хэсэг буюу дотор тал шинэ болсон гэсэн үг юм. Үүний дагуу хүчин чадал 23 мВт-аар нэмэгдэж байгаа. Нэг айл өрх дундажаар 15 кВт цахилгаан хэрэглэдэг гэж тооцвол ийм хэмжээгээр цахилгааны хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг юм” гэв.
Үлдсэн нэг машины хувьд төлөвлөгөөгөөр энэ оны дөрөвдүгээр сард дуусахаар байсныг гарцаагүй нөхцөл байдлын улмаас гаднын компаниудтай хамтарч ажиллаад үндсэндээ дуусаж байгаа аж.
Ингэснээр цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 110 мВт-аар нэмэгдэнэ. Мөн өсөн нэмэгдсэн хэрэгцээг бүрэн хангаж, оргил ачааллын бус цагт нөөц бий болох юм.
Туршилтын ажлыг нь өнөөдөр хийж дуусвал хэвийн ажиллагаандаа орох ба өнгөрөгч долоо хоногт дулааны туршилтаа хийн, өдгөө зүгшрүүлэлтийн ажил л үлджээ.
Коронавирусний цар тахал дотоодод тархаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд халдварыг хумихын тулд хөл хориог бүтэн болон хэсэгчлэн тогтоож, тодорхой хэдэн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Үүний нэг нь эрчим хүчний салбар юм. Зөвшөөрсөн байгууллагын ажилчдаас бусад иргэн гэртээ байгаагаас үүдэн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, ачаалал ихэсч байгаа ч тус салбар айл өрхийг дулаан, цахилгаанаар хангахаар 24 цагаар жижүүрлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ жилийн хувьд гадна агаарын температур өнгөрсөн оны мөн үеэс долоон градусаар хүйтэн байна. Үүнээс гадна бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан оргил ачааллын үед цахилгааны хэрэглээ 20-25 хувиар нэмэгдсэн. Бусад цагт 10-15 хувиар нэмэгдээд байна. Ийм амаргүй цаг үед эрчим хүчний салбарынхан ажиллаж байна.
Ачааллын өсөлтийг хангахын тулд дотоодын эх үүсвэрээ бүрэн, импортын эрчим хүчээ дээд хэмжээнд тултал ажиллаж байж өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангаж байна.
“Дулааны цахилгаан станц IV” ТӨХК дээр дөрвөн машины хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар гурван машины хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн ажил бүрэн дууссан. Ачаалал нэмэгдсэн энэ үед маш чухал үүрэг гүйцэтгэж ажиллаж байна” гэлээ.
Одоо тус салбарт гол тулгамдаж байгаа асуудал нь цар тахлыг байгууллага дотроо тараахгүй байх явдал. Эрчим хүчний салбар мэргэжлийн ажилтан, албан хаагчидтай. Тиймээс салбарын сайд Н.Тавинбэх өвчлөл гарвал боловсон хүчний дутагдал орох, үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй болох учраас тэднийг эрүүл мэнддээ онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг ажилтнууддаа уриалсан юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)