Засгийн эрх МАН-аас МАН-д шилжилж, УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр 2020-2024 оны шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. “Хүчээ нэгтгэе” уриаг сонгуулийн тугаа болгосон У.Хүрэлсүхийн багт сонгогчдын энэ удаад дахин итгэл хүлээлгэж, УИХ дахь үнэмлэхүй олонхийн байр суурийг нь хэвээр үлдээсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, өөрийнх нь Намын дүрэм, үндсэн хандлагаас нь харахад У.Хүрэлсүх Ерөнхий сайдын байр сууриа хадгалж, танхимаа бүрдүүлэх нь зүй ёсны хэрэг, цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ удаад У.Хүрэлсүхийн зүгээс санал болгож, томилох сайд нарын тухай бичих гэсэнгүй.
Харин сонгуулийн үр дүнгээр бий болсон 2020 оны парламентын бүрэлдэхүүн буюу сонгогчдын сонголт ямар байсныг шүүхийг зорилоо. Учир нь, тангараг өргөснөөр бүрэн эрх нь албажих парламентад Ерөнхий сайдаар ажилласан болон ажиллаж байгаа дөрвөн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна. Нэгэн цагт гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, улс орны эрх ашиг, эдийн засагтай холбоотой шийдвэр, тогтоол гаргаж байсан эдгээр эрхмийн хувьд анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон 32 хүнд зөвлөөд зогсохгүй төдийгүй ирэх дөрвөн жилд Монгол Улсын хөгжлийн газрын зургийг зурахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний хувьд эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй үеийн гүйцэтгэх засаглалын тэргүүн. 25 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөхөд танхимд нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан тэрбээр Намынх нь Бага хурлаас дэмжлэг хүлээлгэж, УИХ-аас Засгийн газрын тэргүүнээр томилж байлаа.
Ерөнхий сайдаар ажиллаад зогсохгүй МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байсан нь Сү.Батболдын улс төрд үлдээсэн намтар.
2004 оноос хойш УИХ-д тасралтгүй тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа нь түүний туршлага. Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад уул уурхай тойрсон хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, тэр хэрээрээ эдийн засгийн өсөлт 17 хувь хүртлээ өсч байсан юм.
2008 оноос хойш зургаан жилийн турш АН-ын бодлогыг зангидаж, 2012 онд намаа

ялалтад хүргэсэн нь Н.Алтанхуягийн гавьяа. АН-ын "Мөнхийн генсек" гэсэн автортой болтлоо намдаа элээгдэж, Хөдөө аж ахуй болон Сангийн сайдаар ажиллаж байсан нь түүний улс төрд үлдээсэн мөр. 2012 оны сонгуулийн үр дүнгээр удирдан оролцсон АН нь УИХ-д олуулаа болсноор тэрбээр 27 дахь Ерөнхий сайдаар томилогдож байсан юм.
Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа томоохон бүтээн байгуулалтын ажлын суурийг тавьж, түрүүчээс эхлүүлсэн нь Н.Алтанхуягийг хамгийн бүтээлч Ерөнхий сайдаар тодруулдаг.
Н.Алтанхуяг ч УИХ-аар зогсохгүй орон нутаг, нийслэл, Ерөнхийлөгчийн гэсэн хэд хэдэн сонгуульд дараалсан ялалт авчирсан нь түүний ялгарч харагдуулдаг. Үүгээрээ Н.Алтанхуяг намынхаа түүхэн дэх хамгийн гэсэн тодотгол бүрийг "эзэмшдэг".

2012-2016 онд сөрөг хүчин явсан МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад дараагийн Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байлаа. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-аар батламжилсан нь хэний ч таамаглаагүй шийдвэр байв.
Өмнөх Засгийн газар, УИХ-ынхаа талцал, толхилцооны уршгаар эдийн засаг нь уруудаж, улсын данс нь хоосорсон нөхцөлд Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүлж, ажиллахаар болсон ч харьцангуй богино хугацаанд олон улсад эерэг мэдээллийг түгээж чадсан нь түүний гавьяа.
Үүнд, Олон улсын валютын сантай хийсэн гэрээ, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн нөлөө бий ч жил хүрэхгүй хугацаанд тодорхой бодлого, шийдвэрийг зангидаж, дефолт зарлахдаа тулсан эдийн засгийг сэргээсэн нь өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлтүүдийн томоохонд тооцогдох нь мэдээж. Гэвч Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьж, өнөөг хүртэл суллаагүй байгаа нь улс төрд хардлага, эргэлзээ төрүүлээд буй юм. Хамгийн гол нь, цагдан хоригдож байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоноороо Ж.Эрдэнэбат Монголын улс төрд нэгэн түүхийг бичээд байна.
МАН-ын түүхэн дэх хамгийн адармаатай төдийгүй амаргүй цаг үед Ерөнхий сайд,

Намын даргын албанд хүрсэн хүн бол У.Хүрэлсүх. Өөрсдийн байгуулсан Засгийн газрыг огцруулж, өөрөө Ерөнхий сайдаар очсон өдрөөсөө тэрбээр "Шударга ёс тэмцэл" гэсэн үгийг тугаа болгож, хүний өөрийн гэлтгүй тэмцсэн. Тухайн цаг үедээ эрх мэдлийн оргилд сууж байсан М.Энхболдыг УИХ-ын даргын сэнтийгээс нь буулгахаас эхлээд уул уурхай тойрсон тусгай зөвшөөрлийг ээлж дараалан цуцлах үүрэг өгч байсан нь түүний үлдээсэн, үлдээж байгаа имиж.
2016 оны сонгуулиар эмхэлсэн Засгийн газраа огцруулсан нь тухайн цаг үедээ МАН-д хасах оноо болон бууж байсан ч эсрэгээрээ 2020 оны сонгуульд үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж үлдсэн нь У.Хүрэлсүхийн амжилт.
Хүнд нь гэхээсээ багт нь, намд нь, тэр дундаа У.Хүрэлсүхэд сонгогчид илтэл үзүүлж, багаар нь дэмжсэн нь үүний илрэл. Одоо түүнд танхимын сайд нараа нэр дэвшүүлж, томилохоос эхлээд өнгөрсөн хугацаанд эхлүүлснээ дуусгах томоохон ажлууд шат дараатай хүлээгдэж байна. Ерөнхийлөгч, УИХ-аас үл хамаарахгүйгээр сайд нарынхаа томилгоог хийх эрх бүхий хүчтэй Ерөнхий сайд, үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа Намын даргын хувьд хэрхэн ажиллах нь олон нийтийн нүдэнд ил учраас түүний хэрхэн ажиллах нь цаг хугацааны л асуудал. Тэр цагт "Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна" хэмээсэн У.Хүрэлсүхийн үг илүү тодорно.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (1)