УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүд үнэмлэхээ гардан авлаа. Тэд баярлаж байна, мишээж байна. Гэхдээ баярлах, инээх арай эртдэнэ.
Учир нь цар тахлын аюул нүүрлэсний улмаас улсын төсвийн орлого төлөвлөснөөс 1.8-2 их наяд төгрөгөөр тасалдахдаа тулсан эдийн засгийг тэд хүлээж авлаа. Тэр хэрээрээ иргэн бүр хариуцлагын ташуур атгасан шүүгч гэдгийг ухамсарлаж, цаг минут ч алдалгүй ажилдаа орох учиртай. Хуульд зааснаар Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг сонгуулийн санал хураалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор товлож, зарлиг гаргах учиртай. Энэ утгаараа энэ сарын 25-наас өмнө анхдугаар чуулган зарлагдаж, гишүүд хууль ёсоор УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Гэхдээ намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ гэхээр бүхэл бүтэн гурван сарын хугацаанд эдийн засгаа хэрхэн тордох бэ гэдэг асуултад хариулт алга байна.
Тун удахгүй найр хурмын сар эхэлдэг нь жам. Үүнийг ч шинээр сонгогдсон гишүүд дагаж, тойргийн зүг жолоо залж гишүүний угаалгаа хийдэг уламжлалтай.
Гэвч дээр хэлсэнчлэн цар тахал нүүрлэсэн, дээр нь улсын төсөв хоёр их наяд төгрөгөөр тасалдахдаа тулсан энэ цаг үед тэдэнд баярлаж, найрлаж, хуримлах эрх байхгүйг шинээр байгуулагдаж буй парламентийн гишүүдэд аминчилж хэлье.
Эдийн засагчид орлого тасалдсан ААН-үүд дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг, орлогогүй болсон өрх ядуурлын ангал руу унахад ойрхон байгааг онцолж буй. Тиймдээ ч шинээр байгуулагдах Засгийн газар, тэр дундаа Сангийн сайдаар хэнийг томилох бэ гэдгээс Монгол Улсын эдийн засгийг хямралаас хэр хурдан гаргах хариулт тайлагдана гэж буй юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Цар тахлын үед дорвитой арга хэмжээ авах олон санаачилга гаргасан.
Цөөн үгээр хэлбэл, ААН болон өрхийн орлогыг хамгаалж, цаашлаад улс орны эдийн засгийн хамгаалахад томоохон үүрэг гүйцэтгэсэн сайд. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх ёстой хүн гэгдэж буй юм. Тиймдээ ч өмнөх гаргасан шийдвэр, зоригтой алхмуудаа үргэлжлүүлж, цар тахлын үед эдийн засгаа сэхээнээс гаргана гэдэгт цөөнгүй иргэн найдаж буй.
Ийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас ажлын байр, орлогыг хамгаалахын тулд шат дараалсан арга хэмжээ авсан ч төсөвт тодотгол хийх ёстойг сөрөг хүчин болоод зарим эдийн засагчдын зүгээс хүчтэй дэвшүүлж ирсэн. Харин эрх баригчдын зүгээс ингэх шаардлагагүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн юм.
Гэвч парламентийн танхимд шинээр орж ирсэн гишүүдийн зүгээс төсөв тодотгох нөхцөл байдал үүссэн гэж үзвэл тодотгох ёстой гэдэг байр суурийг эхнээсээ хэлээд эхэллээ.
Энэ ч үүднээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж эдийн азсагт амь тариа хийх зайлшгүй шаардлага тулгараад буйг бас л онцолж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж, зэсийн ханш огоцм унаснаас гадна, Оюутолгой, Эрдэнэ үйлдвэрээс гарах зэсийн найрлага багассан нь төсвийн орлого буурахад нөлөөлсөн юм. Үүнээс болж Монгол Улс 2020 оны эхний улирлын байдлаар -10.7 хувьтай гарсан нь дампуурлын дохио гэдгийг эдийн засагчид мөн л сануулж буй. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас үүссэн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг чухам юугаар нөхөх вэ, цар тахал энэ хэвээр үргэлжилсээр байвал эдийн засгийг сэхээх амь тариаг юугаар орлуулах бэ гэдэг асуулт урган гарч ирж буй.
Үүнийг ч Монголбанкнаас анхааруулж санууллаа.
Тус банкны зүгээс дэлхийн хүчирхэг улс орнуудын эдийн засагт ч цар тахал сөрөг нөлөөлөл бий болгож, хариу арга хэмжээ авахыг хичээж байгааг онцолсон. Жижиг эдийн засагтай манай улсын хувьд томоохон хэмжээний хариу цохилт хийх боломж хомс ч гэлээ өнгөрсөнд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ нь цаг үеэ олсон, зөв нүүдэл байсан гэдгийг мөн л онцолсон юм.
Тиймдээ ч нөхцөл байдалтай уялдуулж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буруулж, зурагласан байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцлийг энэ оны сүүлчээр нэг тэрбум төгрөгийн алдагдалтай гарах магадлалтай аж. Энэ ч үүднээс эдийн засагт бага хэмжээний дарамт үзүүлэх нь тодорхой гэлээ. Гэхдээ энэ бол зөвхөн төсөөлөл.
Магадгүй цар тахлын нөхцөл байдал хумигдаж, байдал нааштайгаар эргэвэл алдагдал үүнээс бага байх магадлалтай. Эсвэл эсрэгээрээ байхыг ч үгүйсгэхгүй.
Учир нь цар тахал дэгдэх үед буюу 2020 оны эхний улиралд эдийн засаг долоон хувиар агших байх гэж Монголбанкнаас төсөөлж байсан юм. Гэвч 10.7 хувийн агшилт үзүүлсэн нь гэнэтийн шок байсан гэхэд болно. Үүнийг задалбал, 10.7 хувийн долоон хувийн агшилт нь уул уурхайн салбарт гарсан юм. Энэ нь манай улсын төсөв хэтэрхий нэг салбараас хараат, дагаад ямархуу хэврэг бэ гэдгийг харуулсан гэхэд болно.
Монголбанкнаас хэлснээр нэгэнтээ төсвийн алдагдалд 1.8-20 их наяд төгрөгөөр тасалдах нь тодорхой болчихлоо. Тэгвэл энэ алдагдлыг бид юугаар нөхөх бэ. Уул уурхайн салбараас нөхнө гэвэл ирээдүй бүрхэг болсон.
Харин гэгээлэг мэдээ нь эрх баригч намын зүгээс нэг их наяд гаруй төгрөгийг санхүүгийн нөөцийг Монголбанкны харилцах дансанд хуримтлуулж чадсан байна. Энэ нь эдийн засагт бага ч гэсэн амь тариа болох нь дамжиггүй.
Нөгөөтээгүүр, донор байгууллагын бага хүүтэй, урт хугацаатай санхүүлжилтийг гадаад зах зээлээс босгох боломж бий.
Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард гадаад хуралдаа 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаагаа ашигтай гарсан. Энэ нь магад эдийн засагт эерэгээр нөлөөлөх нэг үзүүлэлт болох байх гэсэн горьдлого байгаа нь нууц биш.
Эдгээрээс гадна улсын төсвөө мөнгөний бодлоготойгоо уялдуулах үүднээс төсвийн тодотгол хийх шаардлаа бий юү гэвэл бий. Гэхдээ заавал тодотгол хийхгүйгээр цар тахлын нөхцөл байдлыг даван туулах боломж ч бас бий. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн төрийн байгууллагуудын тэвчиж болох бүх зардлыг танаж, шаардлагагүй худалдан авалт хийхгүй байх зэргээр арга хэмжээ авах юм. Хэрвээ эл үг, эл амлалт хэрэгжүүлж чадвал эдийн засагт багагүй дэм болох нь дамжиггүй.
Ийнхүү цар тахалтай нүүр тулсан эдийн засгийг шинээр байгуулагдах парламентийн гишүүд хүлээж авлаа.
Тун удахгүй анхдугаар чуулган зарлагдана. Гишүүд ч тангараа өргөж, Ерөнхийлөгч захиасаа дайна. Гагцхүү тангарагаа өргөлөө, гишүүн боллоо гэж баярлаж, тойргийнхоо зүг жолоо залах, эсвэл эдийн засгаа сэхээнээс гаргахаар ханцуй шамдан ажилдаа орох нь уу гэдгээс шинээр сонгогдсон гишүүдийн чин сэтгэлийг харах бүрэн боломжтой.
Тиймээс л парламентийн гишүүд ээ, баярлах эрт байна. Иргэн бүр хариуцлагын ташуур атгасан шүүгч гэдгийг ухамсарлаж, улстөрч хүний ёс зүйтэй, хариуцлагатай байхыг аминчлан захъя.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)