“Монгол Улсын парламентын сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан нь бодлого тогтвортой байхад нөлөөлөхөөс гадна Олон Улсын Валютын Сантай дахин хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх замыг заслаа” хэмээн АНУ-ын томоохон банкны нэг “Citigroup” дүгнэжээ.
Тус банкны тооцоолсноор энэ онд Монгол Улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 10.1 хувь болж өсөж магадгүй байна.
Мөн эдийн засаг жилийн дүнгээр 0.4 хувиар агшихаар байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн бусад улс оронд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болсныг шинжээчид дүгнэж буй.
Үүнээс үүдсэн эдийн засгийн томоохон хямралыг хохирол багатайгаар даван туулах хөтөлбөрийг томоохон улс оронд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Монголчуудын хувьд ч мөн адил хувийн хэвшил, иргэдийг чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон.
Энэ дунд нэгэн сайн мэдээ, эерэг үзүүлэлт хөвөрсөн нь сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонхийн суудлаа хадгалж үлдсэн нь олон улсын Хөрөнгийн зах зээл дээрх Монголын компаниудын хувьцааны ханш сэргэхэд нөлөөлж эхэлсэн байна. Нэг үгээр, нэг нам дангаараа үргэлжлүүлэн засаглах болсныг олон улсад төр, засаг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах нь хэмээн харж буйн илрэл нь энэ юм.
Санаж байгаа бол 2016 оны сонгуулийн өмнөхөн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр удирдуулсан АН-ын Засгийн газрын үед хөрөнгө оруулагчдын итгэл илт муудаж, Монголын чиглэсэн ам.долларын урсгал тэг зааж байв.
Тэгэхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг "Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна. Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга. Бусдыг нь орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь хэвтээд өглөө.
Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн хүдрийн үнэ гэнэт өсдөггүй юм бол энэ байдал хэвээр үргэлжилнэ” хэмээн Монголын Эдийн засгийн форумд ирсэн зочид төлөөлөгчдийн өмнө нүүрээ улалзуулан байж эдийн засгийнхаа бодит байдлыг дүгнэн хэлж байлаа.
Харин 2016 оны сонгуулийн үр дүнгээр засаглах эрх АН-аас МАН-д шилжиж, тэгэхдээ бүр үнэмлэхүй олонхийн суудлыг өгсөн нь нэг талаараа Засгийн газраа тогтвортой ажиллуулах, нөгөө талаар томоохон төслүүдээ хөдөлгөхөд дөхөм болсон.
Үүний үр дүнд 2020 оны найм удаагийн УИХ-ын сонгуульд сонгогчид сонголтоо хийж, МАН-ыг 62 буюу үнэмлэхүй олонхийн суудалтай нь улираасан нь зүгээр ч нэг найдвар төрүүлсэн хэрэг биш болов уу. Харин эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх бүр дуусгах үүргийг өгсөн байж мэдэх.
Гадаад тавцан дахь Хөрөнгийн биржүүдэд улаан буюу уналттай явсан Монголын компаниудын хувьцааны ханш ногоон болж өсч эхэлсэн нь ч энгийн нэг эерэг үзүүлэлт биш болов уу.
Эсрэгээрээ ирэх дөрвөн жилд МАН-аас хүлээлт их байгаа нь гадаад, дотоод төвшинд ийнхүү мэдрэгдэж, харуулж байгаа хэрэг. Энэхүү итгэлийг хэрхэн дааж, давуулан ажиллах нь МАН-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт, цаг хугацааны дэнснээс шууд хамаарна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (1)