Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг танилцуулж, даваа гарагт түр үнэмлэх олгохоо мэдэгдлээ. Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 хүний нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлдэг. Харин Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийн нэрийг ойрын өдрүүдэд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн мэдээллийг өсгөн юм.
Сонгогдсон 76 хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа, Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганы товыг зарлах хуулийн заалттай.
Харин УИХ-ын анхны чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Мөн анхны хуралдаанаар УИХ-ын даргыг томилдог. 2020 оны сонгуулийн дүнгээр бүрэлдсэн парламентын хамгийн ахмад настай гишүүнээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тодроод байгаа юм. Түүний хувьд 66 настай.
2016 оны Анхдугаар чуулганыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан даргалж, М.Энхболдыг УИХ-ын даргаар томилж байсан юм. Уг уламжлалаар Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргах зарлигийн дагуу хуралдуулах Анхдугаар чуулганыг Х.Баделхан даргалахаар байна.
Анхны хуралдаан хийсний дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагдана. Хуулийн энэ процедураар энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр УИХ дахь Намын хоёр бүлэгтэй байх нь. Нам, эвсэл найм буюу түүнээс дээш суудал авснаар УИХ-д бүлэг байгуулах эрх үүсдэг. Тэгвэл МАН 62, АН 11 суудал авсан учраас УИХ дахь МАН-ын болон АН-ын бүлэг байгуулагдана гэсэн үг. Харин бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг болон “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон С.Ганбаатар, “Зөв хүн Электорат эвсэл”-ийн Т.Доржханд нар ямар нэгэн бүлэгт харьяалагдахгүй.
Намын бүлгүүд байгуулагдсаны дараа байнгын хороо болон дэд хороог байгуулна. Гишүүд аль байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүд УИХ-ын даргад хүргүүлнэ.
Нам, эвслийн бүлэг нь байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг байнгын хороодод хуваарилах саналаа УИХ-ын даргад хүргүүлэх юм.
Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалагдаагүй гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар УИХ-ын Байнгын хороод бүрдэнэ. Байнгын хорооны бүрэлдэхүүнд нь орсон гишүүдийн дотроос олонхийн саналаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ. Байнгын хорооны хуралдаан дээр ил санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Байнгын хорооны даргаар сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно. Ийнхүү УИХ-ын даргыг томилж, нам эвслийн бүлэг байгуулагдаж, байнгын хороог бүрүүлснээр шинэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх юм.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (4)