Үргэлжлэл нь...
Саруул явсаар байрандаа ирэв. Өрөөний найз Түмээ хоол хийж байх агаад:
-Чи чинь хайччихдаг хүн бэ. Танай ангийнхан асуугаад, багш нар ч сураад байсан. Утсаа ч асаагаад ярьчихгүй. Сүүлдээ санаа зовоод цагдаад хэлэх гэж байлаа. Саруул инээмсэглэн:
- Цагдаа нь ч юув дээ. Жаахан ажилтай байлаа. Уучлаарай найзыгаа гэвэл нэг их том харснаа:
-Хүүе архи үнэртэх шиг. Чи чинь одоо байтлаа архи уугаа юу. Өө хөөрхий, хаана, хэнтэй гэж шалгаав. Саруул ч толгой дохин:
-Харин тиймээ, толгой өвдөөд байна. Тэгж их үнэртэж байна уу. Багш мэдвэл дуусаа л гэсэн үг. Яаж үнэрээ гаргах уу?
Түмээ инээмсэглэн:
-Хоолоо сайн ид. Өнөөдөр би өлссөндөө хоол хийж сууна. Бек ахынх руугаа явсан. “Шинэ цэрэг” өнөөдөр заал авч байгаа оройтно гэсэн. Чи байхгүй бол энэ өрөөнд ч өлбөрөх шинжтэй дэг ээ хэмээн инээв. Саруул хувцсаа солин хоол цай идэж уугаад бохь зажилан Түмээгээр амаа сайтар үнэртүүлэн шалгуулаад эмнэлгийн зүг алхав. Алхах замдаа архи үнэртүүлэн өрөөний найздаа баригдсандаа ичих шиг. Түмээ задгай амтай болохоор одоо байраар нэг ярих байх даа гэж санаа зовнин хэрэггүй уулаа хэмээн бодно. Ийн бодсоны учир түүнийг байрны оюутнууд онц сурдаг, архи тамхи хэрэглэдэггүй, тусч сайн залуу гэж хүндэлдэг төдийгүй тиймдээ ч энэ жил байранд ахлах курс хэдий ч орж чадсан юмсанж. Ийн бодон алхсаар автобусанд суун Гэмтлийн эмнэлэгт ирэв. Тэрээр яаж орно оо, үнэртвэл яана аа, уг нь эв эрүүл сав саруул байж яахаараа үнэр нь салдаггүй юм болоо гэж бодон ТҮЦ-нээс ус авч хэд хэд балгаад хаалга татав. Урдаас нь Хонгор харц тулгаран:
-Хүүе сайн уу. Чи чинь яачихдаг хүн бэ. Алив юу үнэртээд байна. Саруул ичингүйрэн:
- Аан, юу үнэртэж байна гээд царай нь улайгаад ирвэл Хонгор инээмсэглэн:
-Үнэртэй ус уу даа. Чи чинь түрхдэггүй биз дээ. Эмнэлгийн хүн байж ямар их түрхцэн юм бэ хэмээн уурлангуй хэлээд өнөөдөр яаралтай хагалгаанд орно шүү. Эрхлэгч хүлээж байгаа. Чамтай ч хатуу ярих байх аа. За за удахгүй уулзъя гээд зөрөв. Саруул өөрийгөө байн байн үнэртэн “Өө нээрээ, Түмээ үнэртэй ус цацаад байсан” гэж санаад ямар ч байсан архи үнэртээгүйд цаанаа баяртай алхав. Эрхлэгчийн өрөөнд орон мэндлэхэд Чагнаадорж хэмээх ахимаг насны буурал үстэй, өтгөн хөмсөгтэй ширүүн харцтай эр угтаж авав. Тэрбээр Саруулыг суухыг дохиод кофе найруулах зуураа:
-Чи яагаад эмч болохоор шийдсэн юм бэ?
-Би юу, би эмч болохыг л хүсээд... эмч гоё мэргэжил.
-Юу нь гоё гэж. Чи үнэнээ хэл дээ. Эмч хүн ямар байх ёстой юм бол?
-Зүгээр л хүмүүсийг эдгээгээд л, хариу нэхдэггүй ачтан эмч байх гоё. Эмч хүн хариуцлагатай ажилдаа сайн байх ёстой.
-Хариуцлагатай гэнээ. Тийм шүү. Гэхдээ чи бас л хэлсэнгүй. Яагаад эмчийн мэргэжил сонгосон бэ?
Саруул юу ч дугарсангүй. Чагнаа эрхлэгч хөмсгөө атируулан өөдөөс нь харж суугаад аягатай кофе урд нь тавиад:
-Чи гуравдугаар платанд хэвтэж байсан Бадараа гуййг мэднэ биз.
Саруул нүдээ томруулан:
-Тиймээ. Хөгшин хүн, их ядрангуй ирсэн. Харин саяхнаас дээрдсэн. Байсан гэдэг чинь ....
-Өнөө өглөө өөд болчихлоо. Бид чадах бүхнээ хийсэн ч яаж ч чадсангүй гэж хэлээд царайгаа барайлган санаа алдав.
-Юу гэсэн үг вэ. Та юу ярина вэ. Хөөрхий хөгшин гээд хоолой нь зангирав.
-Чи одоо ойлгосон уу? Бид хүний амь насыг хамгаалж эрүүл энхийн манаанд тангараг өргөдөг. Бид бүх л амьдралаа зөвхөн үүнд зориулдаг. Харин чи байх цагтаа байсангүй. Хариуцаж авсан өвчтөнүүдээ мартаад хэл сураггүй алга болчихдог. Чи хэдий чадвартай ч гэсэн чамд зүрх сэтгэл алга. Чи ингэх юм бол эмч болохгүй. Чамайг өнөөдрөөс энд ажиллуулахаа болих гэж байна. Чи юу бодож байна гэв.
Саруулын хоолой чичрэн:
-Намайг уучлаарай. Эрхлэгчээ би би... дахиж тэгэхгүй. Намайг ганцхан удаа харж үзээч дээ.
-Чи яагаад эмч болохоор шийдсэн юм ?
-Би энэ хорвоод өнчин өрөөсөн хүн. Миний ээж өвчнөө нууж явсаар бурхан болсон. Би ээжийнхээ өвчнийг мэдээгүй. Би ээжийгээ эмнэлэгт цэвэрлэгч хийдэг гэж хүмүүст хэлэхээс ч ичдэг байсан. Ээжийгээ ажлаасаа гарчих гэж уурладаг байсан гээд хоолой зангируулан нулимсаа унагаад:
-Яагаад эмч болохоор шийдсэн юм гэж үү. Би ээжийгээ дахин амьдруулж чадахгүй ч хүмүүст амьдрал бэлэглэмээр байна. Ээж минь их сүсэгтэй хүн байсан. Миний ээжийн бүх амьдрал энэ эмнэлгийн байгууллагад өнгөрсөн. Би эндээс явахгүй. Би хэзээ ч явахгүй, миний ээж намайг харж байгаа. Энд байхад л би ээжтэйгээ байгаа юм шиг сэтгэл төрдөг. Би таныг хөөсөн ч явахгүй хэмээн зоригтой шийдмэг хэлэв.
Чагнаа эрхлэгч Саруулын шийдмэг царайг харан царайгаа зөөлөн болгоод :
-Эр хүн хэлсэндээ гэдэг байхаа. Дахиж ийм асуудал гаргахгүй шүү. Ажилдаа ор. Харин Бадараа ахын тухайд хармсалтай байна. Чи өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Харин чи тогтоож, уулзах хүмүүстэй нь бүгдэнтэй нь уулзуулсан ачтан. Үнэхээр харамсаж байна гээд мөрөн дээр нь гараа тавин тайвшруулаад “Би чамд итгэж байгаа шүү”.
-Баярлалаа эрхлэгчээ.
39-р хэсэг
Саруул хаалгаар гарч Бадараа гуайн хэвтэж буй тасагт нь очив. Өрөөнд орвол хэн ч алга нам гүн. Саруул нулимсаа унагав. Яагаад ингэж их эмгэнэхийн учир болбоос \Бадараа гуай анх эмнэлэгт үнэхээр хүнд ирсэн бөгөөд үхлээс харамлан байж авч үлдсэн хайртай өвчтөн бас өвөө нь болсон хөгшин байв. Өвгөнтэй нутаг ус, байгаль дэлхий, ан амьтан гээд их л илэн далангүй ярилцдаг байсан юмсанж\ ийм байлаа.
Гаднаас сувилагч орж ирэн:
-Өө, энд байсан юм уу. Хонгорзул эмч дуудаж байна. Хагалгааны хуралтай гэнэ. Таныг хайж байна гэв. Саруул нулимсаа шувтраад өрөөнөөс гаран очив. Хурлын өрөөнд нэгэн ахмад эмч сууж байх бөгөөд Саруулыг дуудан:
-Чи чинь уйлаа юу даа. Эмч хүн нулимсаа унагах, унагахгүй газар гэж байдаг юм шүү дээ, хүү минь. Хэцүү зүйл зөндөө тулгарна. Тэр болгонд хүүхэн шиг усан нүдлээд байх уу. Бидний мэргэжил чанга хатуу байхыг шаарддаг. Аймшигтай мэдээг ар гэрт нь хүргэчхээд асгартал уйлж байсан үе надад бий. Нүүр дүүрэн мишээсэн аз жаргалтай үе ч бий. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө дарж сур. Ялангуяа наад нулимсаа. Уйлмаар байвал хүнээс далд өөр газар очиж бай. Чи нүдэнд их “тороод” байгаа болохоор хэллээ гэв. Саруул ахмад настай эл эмчийн хэлснийг ухаан санаандаа мартахааргүй баринтаглажээ. Удалгүй өрөөнд Хонгор болон бусад эмч нар орж ирэн хагалгаа хийх өвчтөнүүдээ ярилцав. Хурал дуусан Хонгор, Саруул дээр ирээд:
- Чи зүгээр үү. Өнөөдөртөө харих юм уу. Эрхлэгч өнөөдөр чөлөө өгвөл өгчих гэсэн гэхэд Саруул толгой сэгсрэн:
- Зүгээрээ, би яагаа ч үгүй. Яаралтай хагалгаа байгаа гэсэн үү. Би орж болох болов уу гэв. Хонгор:
- Чи зүгээр бол боллоо. 10 минутын дараа хагалгааны өрөөнд уулзъя гэв.
Удалгүй хагалгаа эхэлж гурван цаг үргэлжилсний эцэст амжилттай болж, бүгд гарч ирэн ар гэрийнхэнд нь баяртай мэдээ дуулгахад бүгдээр баярлалдан нулимс унагаж байв. Саруул инээмсэглэн хажуугаар нь өнгөрөхдөө яагаад ч юм аз жаргалд умбах шиг болж байгаа нь мэдрэгдэнэ.
Тэрбээр амралтын өрөөнд орооод буйдан дээр хэвтэнгээ “Хүний амь нас, сэтгэл зүрх, чанга хатуу” хэмээн амандаа бувтнана.
Өдөр хоног өнгөрсөөр шалгалт шүүлэг эхлэх дөхжээ. Саруул интернет хаягаа өдөр бүр шалгана. Уянгын утас холбогдохоо болиод удсан тул түүнд хүрэх өөрийнх нь ганц арга нь л энэ байв. Нэг өдөр Анарын хэлснийг санав. Нээрээ Сараа миний утсаар оролдсон гэж байсан хэмээн дотроо бодон утсаа хадгалсан байж магадгүй гээд шалгавал үнэхээр Саранзаяа гэсэн дугаар байв. Саруул толгой сэгсрэн ангийнхаа Заяаг гэж бодоод байсан чинь Сараа байж таарлаа гээд залгав.
-Байна уу, Сараа юу. Саруул байна аа.
-Өө, сайн уу. Ямар сонин хүн бэ. Би нээрээ чиний дугаарыг авахаа мартчихаж ээ. Чамайг залгах байх гээд хүлээж байлаа.
-Сайн сайн, чи хаана байна завтай байна уу.Уулзаж жаахан юм ярьж сууя л даа.
-Аан, Би их дэлгүүрээс зүүн тийшээ чигтэй явж байна. Тэгье, завтай.
-Хоёулаа талбай дээр уулзъя. Найз нь хүлээж байя би ойрхон байна .
-За за
Саруул , Сараатай уулзаад яг юу гэж асуухаа мэдэхгүй байвч тэр өдөр утас барьж байхад нь Уянга залгасан ч юм билүү. Согтуу толгой би ярьсан ч байж магадгүй гэж бодон хүлээн зогсов. Сараа ирж Саруултай мэндлээд
-За сайн уу. Чи чинь өөрөө залгаж дуудаад л юу болоов.
-Хоёулаа нэг газар сууж яръяа
-Яах нь уу. Уух гэж байгаа юмуу, хэхэ
-За, юу гэж дээ.
Хоёул алхсаар нэгэн кафед орон суугаад цай захиалаад Саруул инээмсэглэн:
-Дээр нэг таарсандаа, танай ахын PUB-д
-Тийм, тэгсэн. Чи чинь амархан муужирчихсан, хэ хэ.
-Инээх яах вэ.Тэр өдөр чи миний утсыг барьж байсан гэсэн. Манай найз....
-Аан Тийм. Гэхдээ чиний халаасанд буцаагаад хийсэн шүү дээ, би.
-Энэ байна аа. Утсаа алдаж гээгээгүй. Харин тэр өдрөөс хойш Уянга мессэж бичихээ больчихлоо, ярьсан ч үгүй. Чамайг барьж байхад хүн амьтан залгасан уу гэж асуух гээд л...
-Залгасан, манай эндхийн дугаар лав биш.
-Ямар дугаар байсан юм. Чи надад өгчихгүй эсвэл утас унтраачихгүй. Ярьсан юм уу?
-Ярьсаан, чи ямар ч мэдрэлгүй согтсон байсан. Гэхдээ Уянга биш ээж нь байсан байх аа. Чи хэн бэ гэж асуугаад байсан. Би Уянгаагийн найз нь байна. Уянгаатай ярьяа гэсэн чинь тасалчихсан.
-Чи яаж байгаа юм бэ. Тэгээд буруу ойлгуулчихсан байна шүү дээ.
-За, сүртэй юмаа. Гэхдээ хэдэн мессэж ирсэн. Би устгачихсан юм аа. Ээж нь л биз. Юу гэлээ. Чамд охиноо өгөхгүй. Бид нар өөр амьдралтай хүмүүс ч гэлүү. Уур хүрээд устгасан юм аа. Би ч бас согтсон байсан, уучлаарай.
-Чи хариу бичсэн үү?
-Үгүй ээ, санахгүй байна аа. Гэхдээ тэдний баян цатгалан нь тэндээ л юм байгаа биз. Миний найз сал аа. Тэр ээж гээд авгай нь надад таалагдаагүй. Хэзээ билээ тэднийд нэг ороход сонин юм яриад л.... чамаас өө эрж шалгаагаад байсан .
-За за тэр яах вэ. Чи нээрээ бид хоёрыг яаж байгаа юм дээ, арай ч дээ.
Саруул ухасхийн босоод хаалгаар гаран одов. Саруул Хандаа гуайг наанаа зөөлөн ч, чанга хатуу хүнийг мэдэх тул Уянгааг яриулахгүй ятгаж суугаад эргэлзсэнгүй. Ямартаа ч Уянгын ахтай уулзаж түүнийг сайн байгаа эсэхийг асууя хэмээн бодон ажил руу нь явав. Ажил дээр нь ирвэл Билэгт түүнийг өрөөндөө оруулан халуун кофегоор дайлан:
-За Саруул ямар ажилтай явна даа?
-Сайн байна уу. Уянгатай нилээн удаан ярьсангүй. Утас нь холбогдохгүй юм. Сургуулиа төгсөөд энд ирэх эсэхийг нь мэдэх гээд л.
-Тэр ч мэдэхгүй ээ. Ээж солонгост цуг байгаа. Аа, нээрээ найз залуутай болсон шүү дээ, тэндээ. Аавын ангийн найзын хүүтэй суухаар болсон гэсэн сураг дуулдсан. Чи амьдралаа бод, Саруул минь. Чам шиг эрдэм мэдлэгтэй хүнд хань болчих хүн мундахгүй олдоно биз.
-Юун найз залуу ?
-Тиймээ, хамт амьдарч байгаа. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Чамд битгий хэлээрэй гэж байсан. Гэвч чи өөрөө ирсэн болохоор мэдэх хэрэгтэй биз.
Саруул сонссондоо итгэж ядан Уянга тэгэх хүн биш. Би сайн мэдэж байна. Та нар салгах гэж л ингэж байгаа. Тийм биз дээ. Би Солонгос явна, өөрийн нүдээр харж байж итгэнэ гэв. Билэгт нүдээ эргэлдүүлэн:
-Үнэнийг л хэллээ. Гэлээ ч та хоёрын дунд юу ч болоогүй бас юу ч байгаагүй. Сэтгэлээ тат, залуу минь. Солонгосын виз ч тэгж хэн дуртайд нь гараад байдаг эд ч биш байх шүү.
Саруул кофе уулгүй, уурласан бас гомдсон харцаа үлдээгээд хаалгаар гаран харсан зүгтээ алхсаар... сонссон зүйлдээ итгэхийг ч хүссэнгүй. Сэтгэл гунигтай үедээ хамгийн түрүүнд Сэргэлэн ахынхыг тэр тусмаа Должин хөгшнийг зорьдог байсан тул энэ удаа ч тэднийхийг зүглэв. Саруул зүүн салаанд Сэргэлэнгийнд ирэв. Бадамаа хүүхдүүдтэйгээ байх ба Сэргэлэн алга байлаа.
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (24)