Үргэлжлэл...
Саруул:
-Аан Цэнгэл үү. Үгүй байхаа ойрд яриагүй. Шүрээтэй ярьдаг гэж байсан. Дуудаад Шүрээ ямар ирэх биш дээ гэж байна лээ. Должин эмгэн инээмсэглэн:
-Болж дээ. Ярьж байгаа бол надад их гомддог байхаа хөөрхий. Муу охиноо эрдэм номтой хүн болгож чадсангүй. Яаж энэ амьдралыг туулна даа л гэж халаглах юм. Миний хүү л сайн харж хандаж яваарай даа гэхэд Саруул:
-Та чинь ямар эвгүй ярьдаг юм бэ. Эгч минь. Хүн амьдрахын тулд бүхнийг хийдэг. Амьд байхын тулд эмнэлэгт яаж байдаг билээ дээ. Та минь эрүүл саруул таяг ч тулахгүй явдаг байж ингэж ярьж болохгүй шүү хэмээн уурлангуй хэлэхэд:
-За хүү минь хөгшрөөд буруу зөрүү ярьдаг болжээ. Миний хүү Шүрээ, ах хоёрыгоо л харж яваарай. Ямар хамаатан садан гэж бидэнд дотно хүн байх биш дээ гээд бугшуулан ханиалгаж байсныг Саруул санан тэр үед яагаад эмнэлэгт хэвтэхгүй гэж зүтгээд байсан юм бол доо гэж бодон түүний хэлсэн үгс бүрийг санан нүдний нулимсаа сул асган суув.
Буяны ажил дуусч хөдөөнөөс ирсэн Нараа, Багахүү хоёр нутаг буцахаар болж ээлжлэн Саруулыг тэврэн хоолой зангируулан найз минь гэхээс өөр үг дугарсангүй. Яагаад гэвэл, тэдний бие биенээ гэсэн сэтгэл нүдний харцнаасаа мэдрэгдэх ажгуу. Саруул ч “Сайн яваарай найзууд минь. Ирсэнд баярлалаа та хоёртоо” гэж шивнээд холын хүмүүсийг үдээд Сэргэлэнгийнд ирэн нүдээ гүйлгэн хоосорсон сэтгэлийн мухартаа хэн нэгнийг хайх шиг. Сэргэлэнгийн эхнэр Бадам авдраа уудлан баадантай зүйл гарган:
- Хөөрхий ээж минь гэж үл мэдэг хэлээд Саруул руу барин “Үүнийг чамд өгөөрэй гэсэн. Нилээн хэд хоногийн өмнө нэг дээл оёж дуусгасан. Өөрөө хэлэхдээ “Энэ хүүд надаас хойш хэн хийж өгөх вэ” гэж хэлж байсан” гээд хоолой зангируулан сул нулимс унагав. Саруул баадантай зүйлийг аван задлан үзвэл, үнэхээр чамин оёсон дээл байх бөгөөд дээлний өнгийг харвал тээр жил ээж нь хүүдээ энэ өнгөөр сайхан дээл оёж өгөх юмсан гээд хийж амжаагүй тэр өнгө нь байлаа. Саруул ээжийнхээ бор авдрыг хөдөөнөөс авчирсан ч доторх юмыг нь яагаад ч юм уудлаагүй юмсанж. Харин Должин хөгшинд тухайн үед дурсч байсан нь хот суурин газраас алс зайдуу, ядуу тарчиг хөгшчүүлд дээлийн өнгө гэдэг бас л том “бэлэг” байжээ. Саруул дээлийг аван задалвал хөөрөг, ээжийнх нь бөгж, мөн гаанс байв. Дээлээ өмсөх гэтэл өврөөс нь хавтага унав. Нилээн нямбайлан хатгасан хавтага дотор юм байгаа нь мэдрэгдэнэ. Саруул нээж үзвэл, мөнгөн дэвсгэрт ёстой л эвхсэн юм шиг харагдана. Зарим нь үрчийсэн нь удаан хадгалсныг илтгэнэ. Саруул гайхсангүй. Яагаад гэвэл, тэр ирэх тоолондоо Должин хөгшинд цайны сүү аваарай гээд заавал мөнгө атгуулдаг нь энэ байж . Нулимсаа нуун “Хөөрхий минь дээ, би үүгээр одоо яах ч билээ дээ” гэж шивнээд нулимсаа арчин нусаа татаад Сэргэлэн рүү харан:
- Хэдүүлээ буян сайн хийе дээ. Хүүхэд, нохой хооллох хамгийн сайн гэдэг. Зовж яваа хүмүүст буян болвол бүр сайн гэдэг. Хоёулаа хүүхдийн асрах газар руу явж хүүхдүүд баярлуулъя даа. Энэ мөнгөөр нилээн юм авчихаар харагдаж байна. “Хөөрхий минь, намайг гэсэн сэтгэлийг нь юугаар ч хэмжишгүй” гэж нулимсаа залгин хэлэв. Сэргэлэн ч толгой дохин “Энийг нийлүүлчихье” гээд буяны ажилд цугларсан боодолтой мөнгө барина.
Энэ тэдний хувьд их мөнгө төдийгүй Саруул, Сэргэлэн хоёрын аль нэг нь машин авчих хангалттай мөнгө юмсанж. Сэргэлэн өр нимгэн, зөөлөн сэтгэлтэй Саруулын үгийг маш сайн сонсдог сайн ах ч хааяа архи балгачих. Үүнийг нь эс тооцвол ээжийнхээ жинхэнэ зан ааш цөмийг өвчиж төрсөн үр нь билээ.
Ийн ярилцан байх зуур энэ жил долоон настай Сэргэлэнгийн бага охин Тэргэл:
- Эмээгийн мөнгөөр юм авах гэж байгаа юм уу. Эмээ надад өгсөн юм май гээд халааснаасаа мөнгөн дэвсгэрт гаргаж ширээн дээр тавив. Бүгд чимээгүй болон Шүрээ, Тэргэлийг тэврэн уйлан үнсэнэ.
Маргааш нь хүүхдүүд баярлуулах чихэр, боов болон хувцас хунар авч хүүхдийн асрамжийн газар зорин нэгэн өдрийг хүүхдүүдийн баяр хөөр талархсан сэтгэлийн дунд өнгөрөөцгөөв. Олон хүүхэд байдаг ч гэсэн бүх хүүхдэд авсан юм нь хүрсэнд сэтгэл өндөр буцацгаав.
Гэртээ ирвэл гэрийн гадаа машин зогсч харагдав. Гэрт Бадам хүүхдүүдтэйгээ үлдсэн билээ. Сэргэлэн, Саруул хоёр хоолой засан орвол хижээл насны эр, эм, том болсон охин, хүү хоёр сууж байв. Сэргэлэн хар, цагаан дуугүй гэрийн хоймортоо суун жишим ч үгүй суув.
Түүний өргөмөл ах Дондог ирсэн нь энэ байж. Сэргэлэнгийн хувьд ингэж гомдох нь зүйн хэрэг бөгөөд цагаан сараар ч огт үзэгдээгүй. Түүнийг нэг бус удаа ах, дүү биш болсон гэж ээждээ хэлж загнуулж байсан ч удаатай. Харин Шүрээ эмэгтэй хүн болсон хойно ахыгаа тэврэн нулимс унагаснаа арчин бас л чимээгүй суув.
Дондог ч хэсэг сууж байгаад хоолой засан:
-Ямар ч байсан би хүү нь. Та нараасаа уучлалт гуйяа. Уучилж чадахгүй байсан ч би ах чинь шүү. Та нарыгаа мартаж байсан удаа үгүй ээ. Ижийтэйгээ уулзаж чадаагүйдээ л гээд хоолой нь зангирч ирээд би ч ээжийгээ мөнх юм шиг боджээ. Үгүй ээ, мөн тэнэг хүнээ гэсээр мэгшин хүүхэд шиг хэнгэнүүлэн уйлахад эхнэр нь дагуулан гарав. Хүүхдүүд нь ч ардаас нь гарав. Тэдний араас Саруул өндийн үүдний зүг алхав.
Яагаад гэвэл, Должин эмгэн нэг бус удаа өргөмөл хүүгийнхээ талаар дурсаж байжээ. Тэрээр ярихдаа:
-“Дондог минь үр дуудаж заяасан үр минь юм. Эрдэм номд сайн, удам судар ч сайтай хүний үр юм гэнэ лээ. Ядуу хүн ямар эрдэм ном өвөртлүүлж чадах биш дээ. Төрсөн талыг нь эртхэн бараадуулчихсан юм. Хөөрхий санаад байна гэж байнга наашаа гүйж надад загнуулаад буцдагсан. Миний загнаж аашилсанд гомддог юм болов уу даа, хөөрхий хүү минь” гэж нэг бус удаа цухуйлгаж байжээ.
Саруул Дондогт хандан:
-Та 49 хоног хураахад ир дээ. Бидэнд ч мөн адил хэцүү л байна гэхэд Дондог юу ч дугаралгүй машинд суув. Ингээд хэсэг хугацаа өнгөрч 49 хоног дээр нь хамаатан садны хэдэн хүмүүс цуглажээ. Дондог ч ирэв. Энэ удаа Сэргэлэн их л дотно яриа өрнүүлнэ. Яагаад гэвэл, ээж нь амьд сэрүүн байхдаа ахыгаа хэзээ ч муу санаж болохгүй. Чиний газар дээрх ганц ах чинь шүү. Ямар ч байсан та хэд ах, дүү хүмүүс юм шүү гэж ой тоонд нь ортол захиж байсан билээ.
Дондог, Сэргэлэн, Шүрээ гурав багын явдлаа дурсан инээлдэж их л дотно ярилцана. Сэргэлэн ч Саруулыг танилцуулан:
- Бидний дүү, их сүрхий мундаг онц сурлагатан оюутан гээд магтана. Дондог инээмсэглэн:
- Миний дүү, нар ах нь туслах юу байна. Шууд хэлж байгаарай гэнэ. Ийн орой болж ирсэн зочид явахаар болов. Саруул даавуунд ороосон зүйл Дондогт барин:
- Үүнийг ээж тань танд өгөөрэй гэж надад хэлсэн юм. Аавын тань юм гэсэн гээд өгөв. Дондог задлан гаансыг хараад саяхан инээмсэглэсэн харц арилж нулимс унагав. Бага жаахан байхдаа аавынхаа гаансаар тоглож мөн ч олон удаа аавтайгаа ноололдож байхдаа түлэгдэж хайрагдаж байсан нь нүдэнд нь зураглажээ. Үүнийг ганцхан Дондог л мэдэх ба яагаад өөрт нь өгөөрэй гэснийг ч ойлгож байх агаад нулимсаа арчин:
- Хөөрхий аавыгаа санаад ах нь явъя даа. Удахгүй ирнэ ээ гэсээр гарч одов.
Үнэхээр Должин эмгэн Саруулд энэ Дондогийн юм байгаа юм. Аав нь Дондогт ямар их хайртай байсан гээч гээд юм ярьж өгч байжээ.
Үүнээс хойш ч хэсэг хугацаа өнгөрч Саруул ч эмнэлгийн ажилдаа дасч эхэлжээ. Түүний утас гэнэт дугарав. Саруул утсаа харвал хайртай бүсгүй Уянга нь байлаа. Тэрбээр Солонгостоо байгаа төдийгүй энэ жил дээд сургуулиа төгсөх ба гурван сарын дадлагын ажил нь дуусч сая нэг толгой өндийж байгаа нь энэ аж. Саруул ч энэ хугацаанд Уянгаагаа хүлээсэн хэвээр билээ.
34- р хэсэг
Саруул утсаа аван түүнийг түрүүлж дугарахыг хүлээн чимээгүй сонсов. Уянга:
-Байна уу. Хайраа би чамд дуулгах сайхан мэдээтэй. Дадлагын ажил амжилттай. Удахгүй хайр нь очлоо шүү дээ. Саруул түүнийг залгаагүй удсанд гомдсон нь энэ байж дуугарсангүй. Уянга хошуугаа унжуулан “Хайраа байна уу. Чи баярлахгүй байгаа юм уу, Уучлаарай. Би эхнээсээ хэлсэн биздээ. Завгүй ойрхон ярьж амжихгүй байх шүү гэж. Байна уу гэхэд Саруул хоолой засан :
-Байна аа байна, баярлалгүй яах вэ дээ. Чи гэхдээ энд бүр ирэхгүй, буцна гэхээр л жаахан сэтгэл тиймхэн байна.
-Хайраа хоёулаа ярилсан шүү дээ. Би энд магистр хамгаалвал ирээдүйд хэрэгтэй биздээ. Чи өөрөө зөвшөөрсөн биздээ.
-За за өөрөө мэд дээ хайр аа. Ажил гарчихлаа дараа яръя..
Саруул утсаа таслан санаа алдангаа түрүүвчиндээ хавчуулсан Уянгын зургийг харан инээмсэглээд “Хайртай шүү” гээд зөөлхөн шивнэв. Эмнэлгийн коридорын тэндээс Саруулаа хэмээн сандарсан дуу хадав. Саруул ухасхийн гүйхээрээ яаран очвол Болор:
- Өвчтөн муу байна. Яаралтай хагалгаанд орохгүй бол аюултай. Хонгорыг харсан уу хэмээн сандран хашгирах мэт өгүүлэв. Саруул ямар ч эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалгааны өрөө рүү гүйн орвол үнэхээр их цус алдсан бас амаа ангалзуулах өвчтөний зэвхий царай угтав. Саруул өөрт хэрэгтэй зүйлсийг хэлээд сандрал айдсаа дарахыг хичээн Болорыг өрөөнөөс гарахыг шаардав. Яагаад гэвэл, Болор хоёр, гурван хагалгаанд ухаан алдаж унаж байсан төдийгүй зүрх муутай охин юм. Харин хажууд нь Энхжин болон хашир туршлагатай их эмч, мөн сувилагч нар, хагалгааны удирдагч эмч зогсоно. Өвчтөн нилээн хүнд гэмтсэн төдийгүй хугаралт няцралтыг харвал, машины осол гэдэг нь илэрхий. Гэвч амьдралын төлөө түүний нүд эргэлдэж, зүрх нь хурдан хурдан цохилох ба өвдөлтөө тэсэхгүй хашгирах хэдий ч хоолой нь гарахгүй, сувдан нулимс хацрыг нь даган гүйх нь ямар ч хүн харсан зүрх шимширмээр зураглал аж. Их эмч Саруул руу харан эхэлцгээхийг дохин хагалгаа эхлэв. Саруул хэд хэдэн хагалгаанд орсон төдийгүй эмч нараас нилээн итгэл сэтгэлийг нь төрүүлж байгаа сайн суралцагч билээ. Хагалгаа удаан үргэлжилсний эцэст дуусав. Саруул өрөөнөөс гарвал өвчтөний ар гэрийнхэн нь түүнийг л хүлээж байсан мэт нулимс нь хатаагүй нүдээр өр эмтэлж харцгаав. Ээж нь бололтой өндөр настай эмгэн Саруулын нүдэнд тусав. Түүн дээр очвол үрчгэр гараараа нулимсаа арчин:
- Хүү минь яасан бэ хэмээн хоолой чичирхийлэн арай ядан асуух нь Саруулын зүрхэнд тусан самсаа шархируулав. Тэрбээр урт амьсгал аван:
- Санаа зоволтгүй ээ. Хагалгаа амжилттай болсон. Залуу хүн тэсээд гараад ирэх байх аа. Харин та одоо гэртээ харьж амар. Ядарч байгаа биз дээ гэхэд эмгэн босч Саруулын гараас атган баярласнаа илэрхийлэн нулимсаа унаган зогсов. Зүгээр дээ эгч минь. Бидний ажил шүү дээ гэж хэлээд эргэн алхав. Саруул ажилчдын амралтын өрөөнд орж суугаад нөгөөх эмгэний атгасан гар Должин эмгэний гар шиг адилхан санагдаад өөрийн эрхгүй нулимсаа унагах зуур түүнийг ямар их санаж байгаагаа өр зүрхнээсээ мэдэрсэн нь энэ билээ.
Тэр хагалгаанаас хойш эмнэлгийн эмч, сувилагч ажилтан нар Саруулыг өсөх ирээдүйтэй сайн эмч болно гэдэгт бат итгэх ба түүнийг үл ялиг хүндлэх нь бас бахархал төрүүлнэ.
Амралтын өдөр болж Саруул Зүүн салаа руу Сэргэлэнгийхийг зорив. Шүрээ түүнийг заавал ирээрэй гэсэн учир очиж байгаа нь энэ. Уг нь тэрбээр амралтын өдрөөр ахмадын сувилах газар очиж сайн дураар ажилладаг юмсанж. Сэргэлэнгийнд орвол бүгд баяртай угтана. Ялангуяа хүүхдүүд Саруулыг тэврэн эхийгээ ноолох ишиг шиг л өвөр рүү нь мацацгаана. Бадам инээмсэглэн:
-Чамайг ойрд ирээгүй болохоор манай хэд асуугаад бүр хэл ам сугалчих гээд байсан юм. Санахаас яах вэ дээ, ахыгаа гэнэ. Сэргэлэн:
- Гүй ээ, аавдаа ингэж эрхэлдэг билүү, эд нар гээд инээмсэглэн миний дүүгийн ажил сайн уу гээд ойр зуур ярилцан сууцгаав. Шүрээ хэсэг дуугүй сууснаа:
- Би явах гэж байгаа. Цэнгэл дээрээ очихоор болсон. Та нар харин юу гэж бодож байна гээд гуниглангуй ижийнхээ зургийн өмнө очоод хүрд эргүүлэв. Сэргэлэн, Бадам хоёр бие бие рүүгээ хараад дугарсангүй. Саруул хэсэг дуугүй сууснаа:
-Явалгүй яах вэ. Би лав дэмжиж байна. Тэгээд ч Цэнгэл бол миний найз. Сайн залуу анх явахдаа надад хэлсэн үгийг нь ч би одоо ч санаж байна. Чамд үнэхээр хайртай. Өдий хэдэн жил чамайг хүлээгээд тэнд амьдралынхаа төлөө барилга дээр хүнд хүчир ажил хийж байгаа найздаа би итгэж байгаа гэв. Сэргэлэн ч мөн зөвшөөрч байгаагаа хэлээд хүүхэддээ санаа зовохгүй байхыг хүсэв. Бэр эгч Бадам хоолой засан:
-Үгүй ээ, тэгээд таньж мэдэхгүй газар эмэгтэй хүн дасдаг л байгаа даа. Ямар Монголдоо биш гадаад оронд. Янз янзын муу юм сонсогдох л юм байна шүү. Сэргэлээн, чи охин дүүгээ ингээд явуулчих хэрэг үү хэмээн санаа нь зовнин хэлэв. Сэргэлэн үг тосон:
- За за, юун билиггүй юм боддог юм бэ. Залуу хүмүүс гадагшаа гарч амьдралаа босгож байхад. Тэгээд ч манай Шүрээ сүрхий хүүхэд. Хаана ч алзахгүй гээд инээмсэглэв. Энэ ярианаас хойш яг долоо хоногийн дараа Шүрээ эх орноосоо хөдлөхөд бэлэн боллоо. Тэрбээр сэтгэлт залуу Цэнгэл рүүгээ алс хол Франц орныг зорихоор ийн онгоцны буудал дээр хайртай гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгэн зогсож буй нь энэ аж. Саруул Шүрээг тэврэн:
-Хэцүү байвал хүрээд ирээрэй гэж шивнэв. Шүрээ хүү Итгэлийгээ тэврэн тэврэн салж ядан онгоцондоо суун мэлмэрүүлэв. Шүрээгийн хувьд эхээсээ хол өссөн учир хүүгээ өөрөөсөө яасан ч салгахгүй гэж өөртөө амласан ч амьдралын энэ л нугачааг өөр дээрээ мэдрэхдээ мэлмэрүүлсэн нь энэ билээ.
Саруул болон Сэргэлэнгийн гэр бүлийнхэн сая дусалсан нулимсаа арчицгаан таксинд суун гэрийн зүг хөдлөв. Замдаа Саруул, Сэргэлэн рүү харан:
-Та ингэхэд жолооч биз дээ. Би танд нэг такси авч өгье. Алийн болгон гадуур янз бүр мөнгөтэй, мөнгөгүй ажил хийхэв. Сэргэлэн нүдээ томруулан:
- Машин үнэтэй биз дээ. Хэрэггүй ээ, миний дүү гэхэд Саруул:
- Үгүй ээ, түрээсэлдэг юм байна лээ. Би сайн тодруулна аа .
Бадам инээмсэглэн:
-Манай Саруул мөн дөө. Бид нар яах вэ. Миний дүү нөгөө охин одоо ирэх болж байгаа биз дээ. Ямар ч удаан сурдаг юм дээ. Танай сургуулиар хөөрхөн охид зөндөө явдаг юм байна лээ. Дээр би багштай чинь уулзах гээд очиход чамайг таньдаг бололтой нэг охин сүрхий байна лээ. Холыг хүлээхээр ойроос хайвал яадаг юм миний дүү гээд инээвхийлэхэд Сэргэлэн нудран:
- Чи чинь одоо юу яриад байгаа юм бэ. Том болсон хүн өөрөө мэдэлгүй дээ. Дэмий юм ярих юм.
Саруул:
-Би ч гэсэн явдаг юм билүү. Солонгос руу намайг дуудаад байгаа Бадамаа эгч ээ. Бадам санаа алдан:
- Чамайг явчихвал хоосон оргиж хонхийгоод хэсэгтээ л хэцүү л болох байх . Гэхдээ явах нь зөв дөө. Энд цалин хэд билээ дээ. Бид нар яах вэ гэхэд Саруул:
- За тоглосон юм аа. Би эндээс явахгүй ээ. Монголоос минь сайхан орон хаана байна. Тэгээд ч ийм сайхан мэргэжил эзэмшчихээд харийн оронд хар ажил хийнэ гэж юу байх вэ гэв. Ийн ярилцсаар Саруул замдаа бууж байр руугаа алхах зуур Уянга, Цэнгэл хоёр руу мессеж нисгэн хотын төв зам даган бодолд автан тайван алхангаа Должин эгчийнх нь нэгэн хүсэл биелсэнд нууцхан баяртай байлаа.
35-р хэсэг
Шүрээ явсанаас хойш хэдэн сар өнгөрөв. Саруул, Уянга хоёрын ярих ч цөөрөв. Гэвч Саруул түүндээ хайртай сэтгэл нь хэвээрээ боловч Уянгын ээж Хандаа Солонгост очсон нь хайртаас нь хөндийрүүлэх гэсэн эхийн сэтгэл ч байж болох. Яагаад гэвэл, Саруулд ар гэр гэх төрсөн хамаатан садан ч үгүй нь Хандаад эхнээсээ л таалагдаагүйг гадарладаг байсантай холбоотой. Түүнд нэгэн удаа Батын эхнэр Заяа “ Чамд Хандаа тийм ч сайн ханддаггүйг би мэднэ. Хүүхдүүдийн шохоорхдог насан дээр хайр гэж юу байхав. Энэ нэг гарал үүсэл удам судар нь тодорхойгүй хүүхдээс охиноо яаж холдуулъя даа” гээд ярьж байсан шүү. Миний дүү эртхэн холдсон нь дээр байх аа гэж хэлсэн нь Саруулын толгойноос гарахгүй байлаа. Уянга хэзээ ч хувирахгүй гэдэгт Саруул итгэж хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.
Үргэлжлэл нь https://www.24tsag.mn/a/182835
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (78)