-Наашаа ийшээ зугтаая гэсээр дагуулан гүйв. Нөгөө хүнээ эргэн харвал Цэнгэл байлаа. Тэрбээр:
-Ийм юмнаас зугтааж бай. Би чамайг ингэж зодоон хийнэ ч гэж төсөөлсөнгүй шүү. Чамтай зүгээр л дотно сайхан танилцъя гэж бодсон юмсан. Чи жаахан уураа дарж бай. Нилээн ууртай нөхөр байна шүү. Цагдаа ирээгүй бол нэг залуу хүнд төмрөөр цохих гэж байсан. Харин чи барилддаг юм шиг санагдлаа. Дараа нэг үзнэ ээ, хоёулаа гээд инээн Сараа гэртээ харьсан. Одоо гайгүй биз явцгаая гээд хоёул алхах зуураа юм ярилцсаар нилээн дотно найзууд болж буй нь илхэн. Саруулд Цэнгэл наанаа ийм сул үг яриатай этгээд хүн боловч цаанаа шал өөр хүн гэдэг нь мэдрэгдэж, түүнд хамаг юмаа ярин сая л нэг дотор нь онгойн хоёр найз илүү их бие биенээ мэдэцгээсэн өдөр байлаа.
12 дугаар хэсэг
Саруул өглөө эртлэн босч, цай чанан шинэ найз Цэнгэлийг сэрээн:
-Одоо хичээлдээ явцгаая. Чи ингэхэд хичээл хийж харагдахгүй юм. Тэгээд яах гэж сургалтанд явж байгаа юм бэ гэхэд Цэнгэл нойрмоглон:
-Мэдэхгүй ээ, ээж л бүртгүүлэчихсэн. Намайг одоо ч шалгалт өгөөд их сургуулийн босгыг давна гэж итгэсээр байгаа. Надад лав хүсэл алга. Над шиг хүн яаж ч их сургууль дүүргэх вэ дээ. Чи харин өөр хэрэг шүү гээд инээн за за очиж хэдэн цаг үүргэлж байгаад харьж унтах минь. Саруул:
-Чи нээрээ юу ч бодохгүй амар хүн юм аа. Хайран мөнгө төгрөг байгаа даа . Цэнгэл инээн:
-Чи ямар төлж байгаа биш, санаа бүү зов оо. Чамайг ер нь яая даа. Мөнгөнд тийм их хайртай хүн үү. Юмыг дандаа л үнэлж ярих юм. Гэхдээ чиний байгаа байдал, амьдрал чинь энгийн сайхан юм аа. Эрх чөлөө гэж энэ байх. Би ч гэртээ очоод л эрх чөлөө дуусаа шүү дээ, хэ хэ. За за, тэр яах вэ явъя гэв. Саруулд Цэнгэлийн илэн далангүй, юу ч бодох юмгүй ярьдаг зан таалагдах ба шинэ найзтай болсондоо баяртай байв. Тэд цайгаа ууцгаагаад хичээлдээ явахаар автобусны буудал руу алхана. Цэнгэл зам руу гарч такси зогсоон би тийшээ алхахгүй шүү. Өчигдөр дээшээ алхах гэж ядарч үхэх шахсан. За, суу явъя гэсээр хоёул хичээл дээрээ ирэв. Орж ирэхэд инээмсэглэн угтдаг Уянгагийн инээд алга болжээ. Тэрбээр дугарахгүй байх бөгөөд Саруулын ширээнээс өөр газар сууна. Саруул “Энэ Уянга яасан юм бол. Гэрт нь муу юм болж дээ” хэмээн бодоод номоо гарган ширээний ард суув. Цэнгэл ч Сараа дээр очин юм ярин суув.
Хичээлийн цаг дуусч Саруул тэсэлгүй Уянга дээр очин:
-Чи яагаа вэ, юу болсон юм бэ. Гэрт чинь янз бүрийн юм болоогүй биз гэхэд Уянга:
-Та чинь өчигдөр хичээл хийх завгүй ажилтай гээд байсан. Гэтэл баардаж бас болоогүй ээ, охин булаацалдаж зодоон хийсэн гэв үү. Би таныг арай ч ийм хүн гэж бодоогүй шүү. Яасан тэгээд нөгөө охинтойгоо танилцаж чадаа юу гэхэд Цэнгэл хажуунаас нь:
-Чи одоо юу яриад байна. Хүмүүс байхад чинь, юун охин бэ гэж шивнэхэд Уянга үнэхээр уурлаж байгаа нь илхэн Саруулыг тас хийтэл алгадаад гараад явчив. Саруул хацраа барин нүүрээ илээд Сараа дээр очин:
-Чи одоо юу гээд хэлчихсэн юм бэ. Сараа:
-Үнэнийг л хэлсэн шүү дээ. Чи өөрөө л нэг охин өмөөрч зодолдоо биздээ. Тэгээд ч Уянга өглөө миний утсаар ярьж байгаад өчигдөр бид хоёрын авахуулсан зургийг хараад над руу дайраад байхаар нь бүгдийг нь ярьчихсан юм гэлээ. Саруул сандал дээр суугаад “За за, энэ нь ч дээр биз дээ” хэмээн бодлоо. Цэнгэл Саруулын хажууд суугаад:
-Энэ шувуухай чинь чамд сайн ч биш бүр дурлачихсан юм биш үү. Би л чиний оронд байсан бол ардаас нь гарна аа, үгүй ээ гүйнэ ээ. Тэр уруул дээр нь үнсээд л тэврээд л, хайртай шүү гээд марзганан хэлэхэд ...Саруул:
-За за, одоо болно. Чи түүнээс хол байгаарай гэсээр гарав. Цэнгэл инээн:
-За ойлголоо доо. Надад тэглээд ч өөр шувуухай байгаа. Сараа чи гэхдээ хэлдэггүй л байсан байхгүй юу. Чамтай дахиж шоудахгүй ээ. Намайг ч баллаж мэдэх юм байна гэв.
Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрчээ. Тавдугаар сар гарч байв. Урин дулаан болжээ. Саруул элсэлтийн шалгалтандаа бэлдсээр... Одоо сарын дараа шалгалттай гэхээр догдлон хүлээнэ. Бат түүнийг шалгалтаа дуустал ажил хийхгүй байж болно гэсэн тул өдөртөө Должин эмгэнийд очиж ус авах, Итгэл болон Сэргэлэн ахынхаа хүүхдүүдтэй тоглох завтай. Нэгэн өдөр Должин эмгэнийнд очтол Пунцаг эмч ирчихсэн сууж байлаа. Саруул:
-Хүүе та чинь гэсээр эрх хүүхэд шиг тэврэн авав. Пунцаг Саруулыг сайтар хараад:
-Манай Саруул мөн үү, энэ чинь. Танигдахын аргагүй болж шүү. Өвөл ирэх гээд амжсангүй. Харин сая хурал зөвлөгөөнд дуудахаар нь уухайн тас хүрээд ирлээ. За тэгээд чи минь сайн уу. Хичээл сурлага өндөр биз дээ. Хотын залуу болж ээ хэмээн ихэд баяртай байна. Саруул:
-Хичээл сайн байгаа. Энэ жил ямар ч байсан сургуульдаа орчих байх аа хэмээн инээнэ. Таныг харсан чинь нутгаа бүүр саначихлаа гээд найзууд болоод нутгийн сонин сайхан асуун ярилцана. Пунцаг инээмсэглэн:
-Удахгүй Нараа ирэх байхаа. Ямааны ноолуурнаасаа чамд нэг мотоцикл илүүчлэх юм яриад явсан шүү. Саруул:
-Ээ тэрийг нь одоо хаана унана даа хэмээн инээнэ. Пунцаг Должины зүг харан:
-Та минь биеэ сайн үзүүлж харуулж байгаа биз дээ. Бас нэг муу мэдээ сонслоо. Долгор гуай / Нандиагийн ээж/ өнгөрсөн гэх юм. Би ч саяхан хүнээс сонссон гэж хэлж дуусаагүй байтал саяхан баяр хөөртэй байсан Саруул сандал дээр давхийн цочиж Пунцаг тийш харна. Пунцаг:
-Харин тоогүй юм болж ээ. Биеэ ганд нь хаячихаж л дээ, энд ирээд. Уг нь хөдөө эмнэлэгт жилдээ хоёр удаа хэвтчихдэг байсан юмсан. Хотод ч тэгээд хүн өөрийнхөө төлөө явахгүй бол эмнэлэг хол газар шүү дээ. Та минь, одоо нэг үзүүлчих үү гээд ажлын цүнхээ уудлан чагнуур болон бусад зүйл гаргаж ирнэ. Должин нулимсаа арчин:
-Хөөрхий минь уулзана гэж ярьсаар уулзаж чадсангүй дээ. Хорвоо гэж!. Муу эгч нь найзуудаасаа өнчин үлдлээ дээ хэмээн их л харамсан санаа алдан сууна. Саруул чимээгүйхэн гэрээс гараад нулимсаа дуслуулан сүүлийн удаа уулзахад Долгор хөгшний хэлсэн үгс бодогдохын зэрэгцээ Нандиад ямар хэцүү байгаа бол гэж бодохоор хоолой арган мэгшинэ. Пунцаг гэрээс гарч ирэн Саруулыг дуудна. Саруул нулимсаа нуун арчаад очиход Пунцаг:
-Должин эгчийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Өөрөө явж үзүүлнэ гэж байгаа ч яг явах дээрээ тулвал би итгэлгүй л байна. Гэхдээ биеийн байдал бол хэвийн байна. Ер нь өдий насны хүн шинжилгээ хийлгэж эмчийн хяналтанд байх хэрэгтэй байдаг юм. Сувилал, эмнэлэгт нэг хэвтээд эмчилгээ хийлгэчихэд гэмгүй. Миний дүү мундаг байна, ажил хийж мөнгө олж ирдэг гэж сонслоо. Бүр тусдаа гарсан гэнэ үү. За, тэгээд одоо эхнэр авах юм биз дээ гээд инээмсэглэнэ. Саруул:
-Хавар Должин эгчийг сувилалд хэвтүүлэх гэтэл өөрөө зөрөөд яваагүй. Хажуугаар нь Сэрэглэн ахын 2, Шүрээгийн 1 хүүхдийг хараад завгүй байх юм. Яваандаа би хажуудаа авна гэж бодож байгаа. Та бүү санаа зов гэхэд Пунцаг бахархалтай нь аргагүй тэврээд:
-За ах нь буцлаа гэв. Саруул:
-Та надад талийгч Долгор эгчийн хамаатан садан эсвэл Нандиагийн дугаарыг олоод өгөөч гэхэд Пунцаг чухал харснаа:
-Тэр болох байхаа. Нандиа нь том гэдэстэй явна гэсэн. Найз нөхөд улсууд энэ л үед тус болдог юм шүү гээд Саруулын утасны дугаарыг тэмдэглэн аваад явав. Саруул өнөөдөр зөвхөн Нандиаг л бодож байх бөгөөд өөрөө ч хаалгаар гаран гэрийн зүг явав. Гэртээ ирэхэд үүдэн дээр нь Цэнгэл сууж байв.
-Юу болов найз, наад царай зүсээ. Чи чинь яачхав аа. Хүүе дуугар л даа гэхэд Саруул:
-Зүгээрээ орцгооё гэнэ. Цэнгэл шалсаар байгаад бүгдийг яриулж, “Нандиа гэнээ жинхэнэ нэр нь хэн юм” гэхэд Саруул том харан “Яах гэж байгаа юм бэ” гэхэдэ Цэнгэл:
-Үгүй ээ, манай нэг ах цагдаад ажилладаг юм. Хайлгавал олдох ч юм билүү. Тэглээд ч Багшийн сургууль дээр нь очоод хүнээс асуусан ч долоо хоног үүдэнд нь зогсох хэрэгтэй болно гэхэд Саруул Цэнгэл рүү харан:
-Чи надад тусална биз дээ хэмээн царайн дахь гунигаа үргээн хэлэхэд Цэнгэл инээн:
-Тэгэлгүй яахав эхлээд хоол хийж идье өлсөж байна. Маргааш өглөө хамт тэр сургууль дээр нь очъё. Манай найзуудаас хэдэн хүүхэд сурдаг туслах байх гэнэ. Саруул инээмсэглэн:
-Чамд баярлалаа, найз нь дуртай хоолыг чинь хийж өгье. Ёстой яах учраа мэдэхгүй байлаа шүү гэхэд Цэнгэл инээн:
-Хичээлдээ сайн хүн байж иймхэн юм бодож олж чадахгүй гээд шоолсон харцаар харахад Саруул бараг Нандиаг олчихсон мэт догдлон хоол хийхээр босно.
13 дугаар хэсэг
Саруул өглөө эртлэн босоод хичээлдээ явав. Хичээл дээр Цэнгэл аль хэдийн ирчихсэн сууж байв. Бас Уянга ч ирсэн байв. Уянга хэд хоног хичээлдээ ирээгүй тул Саруул очин мэндлээд хичээлээ тасалсныг нь зэмлэн буруутгахад Уянга:
-Танд би хамаагүй биз дээ. Гэнэт яагаад байгаа юм бэ? гэхэд Саруул:
-Чамайг шалгалтандаа сайн дүн аваасай л гэж хүсч байна. Тэгээд ч эцэг, эх чинь намайг чиний хичээлийг давтуулж байгаа юу гэж асуусан. Одоо нэгхэн сар үлдлээ. Жаахан хичээчих, өнгөрснийг мартъя гэв. Уянга юу ч дугаралгүй сууна. Хичээл дуусч Цэнгэл, Саруул хоёр тохирсон ёсоор Багшийн сургууль руу явав. Цэнгэл энэ удаа машинтай иржээ. Саруулыг машиндаа суулган:
-За одоо чиний тэр гүнжийг чинь олж өгье дөө ханхүү минь гээд инээмсэглэнэ.Саруул:
-Дуугүй хөдлө, наад хөгжмөө ямар чанга сонсдог юм. Хэний машин юм бэ.
-Ахын машин, за за явъя гэсээр замдаа гарав. Хэсэг түгжирч явсаар Багшийн сургууль дээр ирлээ. Хоёул машинаас буухад Цэнгэл утсаар ярин:
-Ирчихлээ гараад ирээ гэхэд удалгүй нэгэн өндөр залуу ирэв. Залуу ирээд Цэнгэлтэй гар барин:
-За сайн уу. Ямар хэрэг гараа вэ хичээлээс дуудаад Цэнгэл:
-Харин нэг хүнийг хайж явна аа. Танай сургуульд сурдаг гэнэ. 3 билүү 4 курс нэр нь Нандиа гэсэн. Чи оюутны зөвлөлд нь байдаг гэсэн биздээ гэхэд “Хэн гэнээ, бүтэн нэр нь” гэхээд Саруул “Нандинцэцэг” гэж яаран хэлбэл залуу бодолхийн зогссоноо:
-Зөндөө л Нандиа, Нандинцэцэг байгаа даа. Охидууд олон шүү дээ, манай сургууль. За ямарч байсан орцгооё гэв. Тэд сургуулийн хаалгаар орвол нээрээ ч эрэгтэй хүүхэд цөөхөн таарна. Цэнгэл:
-Би багш болдог юм билүү. Арай тэнцвэргүй юу, үгүй юү гээд инээнэ. Саруул анх удагаа их сургуульд орж ирж үзэж байгаа тул бүх юм л сонихон... Явсаар нэг өрөөнд орж, нөгөө залуу нэг эмэгтэйд хандан:
-Та энэ хоёр хүнд туслаад өгөөч. Хүн хайж явна гэнэ ээ. Би хичээлтэй байна гээд Цэнгэлтэй гар бариад залгаарай гэсээр гарч явав. Нүдний шилтэй хижээл насны эмэгтэй:
-За тэгээд юуны анги, хэн гэдэг хүүхэд билээ. Ямар хэргээр уулзах гэж байгаа билээ гэхэд Саруул 10 жилдээ цуг авахуулсан зургаа үзүүлээд:
-Би найз нь байгаа юм. Саяхан ээж нь өнгөрсөн гэж дуулаад уулзах гээд санаа зовж явна гэнэ. Эмэгтэй зургийг сайн харсанаа:
-За байз Нандинцэцэг гэж компъютер дээр шивээд, ангийн багш нь хэн билээ, энэ чинь жилийн чөлөө авсан хүүхэд мөн шиг л байх юм. Чи ангийн багштай нь уулз гээд математикийн тэнхимд очоод Анхаа гээд багш бий. Ангийн багш нь мэдэж байж магад гэлээ. Саруул ч нүүрэндээ инээмсэглэл тодруулан:
-Ёстой их баярлалаа гээд гарав. Цэнгэл энэ сургалтын алба нь байсан байна шүү дээ. Ийм л амархан байгаа биз дээ. Чи нээрээ гэсээр .... хоёул Анхаа багшийг олж уулзав. Анхаа гэх эрэгтэй залуухан багш байв. Саруул:
-Би Нандиагийн найз нь байгаа юм. Түүнийг хайж явна гэхэд Анхаа Саруул руу харан:
-Нандиа жилийн чөлөө авсан, өнгөрсөн хоёрдугаар сард. Хичээлдээ суух нь ховор хүүхэд дээ. Надад тэмдэглүүлсэн утас нь даанч холбогддоггүй юм байна лээ. Ангийхан нь найз цуг явж харагддаг хоёр охин байдаг. Нэг нь өөр сургуульд шилжсэн. Нэг нь Цэрэндолгор гээд охин бий. Би дуудаад өгөх үү гээд түүнийг дуудав.
Цэрэндолгор удалгүй ангиас гарч ирээд Цэнгэл, Саруул хоёр руу болгоомжлон харна. Анхаа багш Цэрэндолгорт учир явдлыг нь тайлбарлан ярихад Цэрэндолгор:
-Нандиатай яриагүй удаж байна. Гэхдээ Хүслэн /шилжсэн охин/ мэдэж байж магадгүй. Тэр хоёр гадуур их цуг явдаг. Илүү дотно. Харин над руу хааяа нэг дугаараас ярьдаг байснаа сүүлийн үед ярихаа бүр больчихсон. Авах уу гээд 99 ...... дугаар өгөв. Саруул лавлан:
-Хүслэнг хаанаас олж болох вэ. Би Нандиатай уулзах маш чухал хэрэгтэй байгаа юм аа гэхэд Цэрэндолгор Саруулыг харж зогссоноо:
-Нандиа одоо төрөх дөхөж байгаа байх шүү. Хүслэнгийн утас холбогдохгүй л байна. Уг нь надтай ярьдаг хааяа. Олон дугаараас ярьдаг болохоор тогтсон дугаар байхгүй. Хүний утсаар хааяа холбоо барьдаг байх. Уг нь ч манай оюутны байранд суудаг хэвээрээ юм байна лээ. Би хэд хэд очиход байгаагүй. Саруул:
-Чи дугаараа өгчих. Энэ миний дугаар, сураг ажиг гарвал надад хэлээрэй, баярлалаа гээд эргэн алхав. Сургуулиас гараад Саруул “Явсан нохой яс зууна” гэгчээр ямар ч байсан сураг ажиг гарсанд баярлан:
-Цэнгэлээ одоо хоёулаа Хүслэн дээр очъё гэхэд Цэнгэл эхлээд нөгөө дугаар руугаа залгаач гэв. Саруул нээрээ тийм гээд залгавал эрэгтэй хүн авав. Саруул сайн байна уу. Нандиатай ярих гэсэн юм гэхэд тийм хүн байхгүй гээд утас тасрав. Саруул гайхан энэ арай нөгөө кино театарт таарсан залуу биш байгаа гэж бодон Цэнгэл рүү харан тийм хүн байхгүй гэнэ ээ. Хүслэн дээр л очъё гэсээр хоёул оюутны хотхон орж сурагласаар Хүслэнгийн байрыг олж асуувал жижүүр гэх эгч:
-Мэдэхгүй ээ, хааяа орж харагддаг хааяа ирдэггүй. Одоо ч гэсэн байхгүй л байна. Амралтын өдрүүдээр харагдаад байдаг байх шүү гэнэ. Цэнгэл:
-За явъя. Ямарч байсан мэдээлэлтэй боллоо. Жилийн чөлөө авч, бүр жирэмсэн болчихож миний найз ч азгүй байна даа гээд инээхэд Саруул үг дуугүй эргэн алхана. Ийн өдөржин явсны эцэст уулзаж чадаагүй ч сураг ажигтай болов. Саруул машинд суугаад хаана явдаг юм болдоо надад хэлсэн нь үнэн байж ээ гэж бодохын зэрэгцээ санаа нь зовсон хэвээр... Цэнгэл:
-За за мартаа. Охид худлаа ш дээ, харж байгаа биз дээ. Өөр хүнтэй жиг ургуулаад л явчихаж гэнэ. Саруул уурлан:
-Дуугүй бай. Чи юу ч мэдэхгүй байж. Тэр тусмаа уулзмаар байна. Цэнгэл Саруулыг уурласанд гайхан “Гүн дурлалаа гэж” хэмээн амандаа бувтнав. Саруул Цэнгэлд баярласнаа хэлээд ажил дээрээ буув. Цэнгэл ч баяртай гээд:
-Орой гарах уу. Бачимдаж байгаа биз дээ. Олдоно доо гэхэд
-Үгүй ээ, дараа болъё гэв. Ингээд ажил дээрээ ирвэл Бат:
-Өө, чи ямар удав аа. Сүүлийн вагонд саяхан орсон. Төмөрөө ядаж бэртчихээд эмнэлэг аваад явлаа. Чи хариуцаад байж бай. Би очоод яръя гэв. Саруул:
-Юу, тэгээд гайгүй юу. Юу болов оо гээд хувьсхийн Батыг харвал:
-Гайгүй гэж найдаж байна. Машин дээрээс уначихсан гээд овоолсон юм ачсан шланз машиныг заагаад гүйхээрээ машин руу явав. Саруул шууд Хонгор руу залган болсон явдлыг хэлээд би удахгүй очно. Эмнэлэг дээр уулзъя гэв. Саруулын толгойд ганцхан Төмөр л эргэлдэнэ. Саруул энэ удаа ядарснаа ч умартан агшин зуур ажлаа дуусган Бат руу залгавал:
-Чи ямар хурдан дуусгав аа. Чи хүрээд ир. Хөл, гар нь л жаахан асуудалтай байх шиг байна, нарийн юм хэлээгүй байна. Эгч нь энд уйлаад сүйд. Би одоо гарлаа гээд утас тасрав. Саруул хувцсаа солиод шууд эмнэлэг оров. Очиход Хонгор түүн рүү харан уйлна. Саруул юу ч дуугаралгүй эмч дээр очин:
-Би Төмөрийн ах нь гээд асуувал эмч рентген зураг үзүүлж
-Гар хугарсан, хөл нь шагайны дээд талаар хугарсан, тархи толгойн зарим хэсэгт зүсэгдэж шалбарсан. Бүр нарийвчилсан зураг гараагүй л байна. Амь насанд нь аюулгүй ээ гэж хэлэв. Амь насанд нь аюулгүй гэж сонсоод дотор нь жаахан уужирч Хонгор дээр ирээд:
-Тайвшир даа, амьд мэнд байх нь л чухал. Тэр гар, хөл дүүрч, эмчилгээ сайн хийлгэвэл босоод л ирнэ гэнэ. Хонгор нулимсаа арчаад:
-Би сая ухаан алдсан. Анги дээр ямар их айсан гээч. Ийн хоёул эмнэлэг дээр шөнө болтол суув. Эмч гарч ирэн сахиур нь одоо орж болно гэхэд Хонгор босон:
-За би оръё. Чи яв даа баярлалаа гэхэд
-Яриарай. Би өглөө эрт цай, хоол хийгээд ирье дээ гээд явав. Саруул ийн эмнэлгээс гарч явахдаа “Зовлон, жаргалын аль алинд ч хоёулхнаа. Энэ хоёр эгч дүүг өрөвдөн “Би ингэж хэвтсэн бол Должин эгч, Сэргэлэн ах, Шүрээ, Бат ах гээд л ирнэ дээ. Тэгэхэд энэ хоёр хоёулхна аа” гэж бодон өрөвдсөөр гэрийн зүг явна.
14 дүгээр хэсэг
Саруул өглөө эрт босон хоол цай хийн эмнэлэг рүү яаран явав. Тѳмѳрѳѳ яаж байгаа бол гэж бодохоор шѳнѳ нойр хагас авсан нь мэдээж. Гэрээс гаран автобусанд сууж эмнэлэг дээр ирвэл Тѳмѳр ухаан орсон байх бѳгѳѳд Саруулыг хараад баярлана. Харин Хонгор ѳрѳѳний үүдэнд нэгэн хижээл насны эмэгтэйг их л бухимдан загнаж буй харагдав. Саруул лавлуулан ажиглавал, хувцас нь ноорхой бас халтар царайтай, хажуудаа нэгэн бяцхан охин дагуулсан байлаа. Ойртон очоод:
-Сайн байна уу, та хэмээн мэндэлвэл өнөөх эмэгтэй өөдөөс нь их л ѳрѳвдѳлтэй царай гарган:
-Хүүтэйгээ уулзаж болох уу хэмээн зѳѳлхѳн асуув. Саруул байдлыг ойлгон толгой дохин халаад нѳмрүүлэн:
-Та орж болно гээд хаалга онгойлгож ѳгѳв. Хонгор өнөөх эмэгтэйн араас ихэд уурлан:
-Хаяж явчхаад, архинд донтсон, гудамжны ичгүүргүй авгай хэмээн муухай муухай үг чулуудна. Саруул ѳнѳѳ жаахан охин болон Хонгорыг дагуулан хүлээлгийн ѳрѳѳний сандал дээр суугаад охиноос:
-Нэр хэн бэ, хэдэн настай вэ гэж асуухад охин:
-Маралжин, долоон настай гэнэ. Саруул:
-Сайхан нэр байна гээд үргэлжлүүлэн энэ чиний тѳрсѳн эгч гээд Хонгор руу харвал нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй өнөөх бяцхан охин:
-Мэднээ. Ээж бид хоёр холоос дандаа хардаг юм аа. Ээж надад “Чиний төрсөн эгч, ах хоёр чинь мэдэж аваарай” гэж байнга хэлдэг. Саруул Маралжинг тэврэн:
-Ухаантай охин, чи сургуульд явдаг уу. Маралжин толгой сэгсрэн:
-Дараа жил явна аа гэв. Ийн тэд ярилцаж байх хооронд эмэгтэй ирэв. Хонгор ч ууртай царай гарган дахиж битгий ирээрэй хэмээгээд зѳрж, дүүгийнхээ ѳрѳѳ рүү явав. Саруул эмэгтэйд хандан:
-Намайг Саруул гэдэг. Тѳмѳрийн найз, бараг ах нь гээд инээмсэглэхэд:
-Мэднэ ээ, би. Намайг Цэвэл гэдэг. Нѳхрѳѳ алдаад, багаас нь хүүхдүүдээ хаяж сайн сайхан бүхнээ ѳѳрѳѳсѳѳ түлхсэн хүн дээ. Залуу байхад юу ч мэддэггүй юм байна даа. Уг нь би Хѳвсгѳлийн гаралтай. Том зайран хүний охин, янз бүрийн хэл амны юм нь над дээр бууж байгаа юм болов уу гэж бодон айх юм. Хэдэн хүүхдүүд минь л зүгээр байвал би ингээд дуусч байгаа хүн. Чи харин их сайн залуу юм. Ммуу хүмүүст олзлогдчихгүй бол ... хэмээн галгүй нүдээрээ ширтэхэд Саруул яагаад ч юм энэ эмэгтэйгээс нэг л сонин далдын гэмээр хүч мэдрэх шиг... Саруул шашин шүтлэг гэж бараг мэдэхгүй. Харин Должин эгч их сүсэг бишрэлтэйг мэднэ.
Цэвэл Саруулыг :
-Надаас битгий эмээ. Нүд чинь хэлээд байна. Харин хүүг минь харж хандаж байгаарай. Хүүхдүүдээ хаана ч очсон олоод очиж чадна шүү гээд инээмсэглэн дараа ирнэ ээ, хэд хоногоос. Тѳмѳрѳѳ одоо зүгээр ээ. Өвчнийг хѳѳчихсѳн гэв. Саруул юу ч дуугараагүй боловч ярья гэсэн бүхнээ мартсан байв. Ямар сонин юм. Уг нь энэ хүнтэй ярих юм байсан юмсан гэж бодно. Цэвэл, Маралжин хоёр ч эмнэлэгээс гарч одов. Хонгор Саруулыг дуудав. Саруул яаран очвол Тѳмѳрѳѳ инээмсэглэн:
-Ээж явсан уу. Дүүгээ харах байсан юмсан гэнэ. Саруул хэд хоногоос ирнэ гэсээн. Одоо амар, ах нь хичээлтэй бас ажилтай. Хонгор ч бас хичээлтэй гэдгээ хэлээд хоёул гарав. Хонгор:
-Өнѳѳдѳр би оройтно чи. . . .гэхэд Саруул:
-Би эрт ирье дээ. Чи хичээлдээ анхаар. Одоо бас шалгалттай биздээ гээд Хонгор руу харахад Хонгор энэ удаа Саруулыг нэг л ер бусын ѳѳр харцаар харсанаа ѳѳрѳѳ ч мэдэхгүй байлаа.
Саруул хичээл дээрээ ирэв. Цэнгэл ѳчигдѳр яаж шоудсанаа сайрхан ярина. Уянга удалгүй орж ирэн Саруулын хажууд суув. Саруул “Хэдэн сар дуугарах ч үгүй, хажууд суугаагүй байж” хэмээн гайхна. Уянга Саруул руу харан:
-Одооноос би чамайг ах аа гэж дуудахгүй бас багшаа ч гэхгүй “Саруулаа чи” гэж дуудна. Би жаахан охин биш гэхэд нь гайхсан ч “Өѳрѳѳ л мэд. Шалгалт дуусахаар мөр мөрөө хөөхөөс хойш хэн ч гэж дуудаж болно” гэж бодохтой зэрэгцэн гэнэт ингэсэнд нь их гайхав. Хичээл дуусахад Уянга Саруултай үлдэн хичээлээ хийнэ. Уянга:
-Чи ингэхэд яагаад ямар ч хамаагүй хүмүүст анхаардаг юм бэ. Бат ах чамайг эмнэлэгт хүн сахиж байгаа гэсэн. Чамд ямар хамаатай хүн юм бэ хэмээн ширүүхэн асуухад Саруул:
-Манай дүү. Харж хандах хүнгүй хүүхдийг ийм үед л хажууд нь байна биз дээ. Ингэхэд чи энэ бүхнийг яаж, хаанаас мэдсэн юм бэ гэхэд
-Чиний олон явдлыг мэднэ шүү. Өчигдѳр Цэнгэлтэй яваагүйд баярлаад би буруу бодож байгаагаа ухаарсан. Сараа ч надад хэлсэн. Бас Шүрээ... гээд үргэлжлүүлэх гэтэл Саруул яриаг нь таслан:
-Юу? ... Чи намайг тагнаа юу?..
-Үгүй дээ, хардсан юм аа гээд Уянга инээмсэглэн:
-Одоо чамд 100 хувь итгэж байгаа шүү гэчхээд гарч одов. Саруул араас нь “Уянга минь дээ, зүгээр л тэр чигээрээ намайг орхихгүй дээ” гэж дотроо шивнэнэ.
Утас дуугарвал Бат ах байв. Тѳмѳрѳѳгийн биеийг асуугаад ажил ихэсвэл дуудъяа, хичээлээ хий, Тѳмѳрѳѳг харж ханд гэнэ.
Саруул гэртээ ирмэгц цай чанаж боорцог идэн хоол хийнэ. Орой Тѳмѳрѳѳ дээр очиход бэлтгэнэ. Ийн сууж байтал хаалга хүчтэй балбана. Хэн бэ? гэтэл “Уулнаас ирсэн чоно байна аа” гэв. Саруул юу гэнээ гээд хаалга тайлтал багын найз Нараа зогсоно. Саруул Нарааг тэврэн:
-Хүүе чи хэзээ ирэв ээ гэхэд Нараа ноолуурын үнэ буух сургаар яаран ирлээ. Чамд илүүчлэх юмгүй буцвал яана гээд Шүрээ танайхыг зааж ѳглѳѳ. Сэргэлэн ахыг хайж хайж очвол “Чамайг тусдаа гарсан” гэлээ. “За эхнэр чинь хаана байна. Танилцъя” гэхэд Саруул:
-Юун эхнэр вэ. Эхнэртэй удахгүй болно байх гэсэн шүү дээ, Нараа гэв. Саруул Нарааг харсандаа хязгааргүй баяр баясалтай нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна. Шүрээ цай амсаад хоёр найзыг үлдээн гарахад Саруул Шүрээг гаргаж ѳгѳнгѳѳ Должин эмгэний биеийг асуугаад түүнд өгөөрэй гээд хэдэн тѳгрѳг атгуулан “Хоёр хоногоос очно” гээд нээрээ Уянга гэж охин ярьсан уу чамтай гэвэл Шүрээ:
-Үгүй ээ, гэхдээ манайд ирсэн ш дээ . Хѳѳрхѳн охин байна лээ. Танайхыг заалгаж авсан. Ээжтэй л хэсэг юм ярьж суусан. Чамайг яаж тоосон юм бэ? гэмээр... за за би явлаа. Саруул “Даана ч тийм байхаа, хөөрхөн ч охин, ухаантай ч охин, ...даана ч” хэмээн санаа алдан гэрт орвол Нараа нандигнан байдаг цөөн хэдэн номыг маань харан:
-“Эрдэмт хүн даруу их мѳрѳн юу гэдэг билээ”. Миний найз их даруухан суудаг болжээ. Хэзээ л чи ингэж олон дэвтэр дүүргэж бичиж байлаа даа. Багахүү зунаас ирнэ чамайг Нандиаг олсон уу гэж асуулгаж байна лээ гэнэ. Саруул санаа алдан:
-Долгор эгч насан ѳѳд болсон. Нандиаг хайгаад олоогүй л байна. Ерѳѳсѳѳ хоёулаа цуг сургийг нь гаргая гэнгүүт Нараа тосож аваад :
-Тэгье. Би энд 5 , 6 хононо. Ахындаа л нэг очно. Өѳр айл байх биш чамтай л байя. Саруул инээн:
-Тэгэлгүй яахав. За хоёул эхлээд эмнэлэг орно оо. Наад дээлээ тайл үүнийг ѳмс гээд хувцас гарган ирж урд нь тавиад найзтайгаа уулзсандаа хязгааргүй их баяртай байлаа.
15 дугаар хэсэг
Нараа хувцсаа солин толинд хараад:
-За ямрав дээ. Саруул:
-Чи ч хотын залуу боллоо. Хоёулаа эхлээд эмнэлэг орно. Манай нэг хуурай дүү бий, саяхан бэртчихээд гэхэд Нараа:
-Өѳ зайлуул, за тэгье ээ гаръя гэхэд нь Саруул:
-Улаанбаатар хотоо чамд танилцуулнаа гэсээр хоёр найз хоолны болон цайны халуун сав дүүргэж аваад гарав. Замдаа нутаг усныхны сонин содон бүхнийг ярилцсаар золтой хэтрээд явчихсангүй. Бидний хэлж заншсанаар Гэмтлийн эмнэлэг дээр ирэв. Нараа:
-Ямар ч том эмнэлэг вэ. Нэг хэвтэх юмсан гэнэ. Саруул:
-Юу!. Муу ёр байгаа даа. Хүмүүс эмнэлэгт хэвтэхгүйг хүсдэг байтал “Чи наад амаа” гэв. Саруул Тѳмѳрѳѳгийн ѳрѳѳнд Нарааг дагуулан ороод:
-Миний найз гэж танилцуулав. Нараа ч гарнаас нь атган:
-Хурдан эдгээрэй дүү минь. Саруул Тѳмѳрѳѳд хоол унд гаргаж аягалж ѳгѳѳд:
-Ах нь ажилтай, сувилагчид хэлчихье. Чамайг эргэж байгаарай гээд. Би удахгүй шѳнѳ болохоос ѳмнѳ ирнэ гэсээр гарав. Нараа :
-Энэ жаалыг тэгээд ѳѳр хүн эргэдэггүй юм уу?гэж асуухад Саруул:
-Эгч нь оюутан. Ээж нь, дүү нь байдаг. За за явъя хэмээн яаран таксинд суужээ. Таксинд суусан учир нь их яарсан бас Нарааг зугаацуулж эрхлүүлж байгаа нэг хэлбэр юмсанж. Нараа цонхоор харан харан “Энэ охид чинь одоо их сонин, тачир юм ѳмсдѳг болжээ. Үүнийг хараа” гэж гараараа заана. Саруул чи ч тийшээ орвол бүүр. . . ... за за мартаа гэнэ. Хоёул бие биенээ үг хэлээрээ явуулсаар оюутны хотхонд ирэв. Саруул:
-За энд нэг хүнийг олоод уулзчихвал Нандиагийн сураг гарах гээд байгаа юмаа гэсээр машинаас буув. Саруул 4 давхар байрны хаалгаар ороод жижүүр эгчээс:
-Хүслэн гээд охин энд байдаг гэсэн. Бид найзууд нь яаралтай уулзах хэрэг байна гэвэл жижүүр эгч:
-Саяхан орж байгаа харагдсан. Би дуудаадахъя гэнэ. Нараа эргэн тойрноо няглан хараад:
-Энд нэг байр авнаа. Олуулаа гоё юм биш үү гэхэд Саруул инээн:
-Чи ер нь яах гээд инээд хүргээд байдаг юм бэ гээд эргэтэл жижүүр эгч халаад нөмөрч, хөнгөн шаахай угласан царайлаг охинтой шатаар бууж ирэв.
Саруул өмнөөс нь угтан очоод:
-Чамайг Хүслэн гэдэг үү. Би Нандиагийн багын найз Саруул гэхэд Хүслэн инээмсэглэн:
-Өѳ чи юмуу. Чамайг хааяа ярьдаг. Нээрээ ч “сайхан” залуу байна гэхэд Нараа гараа ѳгѳн
-Би бүр багын найз нь шүү гэхэд нь Саруул Нарааг дугтран:
-Нандиатай уулзах санаатай чамайг мэдэж магад гэж хүнээс дуулаад гээд горьдлогын нүдээр харав. Хүслэн:
-Цэрка /Цэрэндолгор/ хэлсэн биз дээ. Нандиа модны хоёрт найз залуугийндаа. Хаягийг нь надаас авсан гэж битгий хэлээрэй. Утас нь энэ гээд 88 ....... дугаар ѳгѳѳд Нараа руу хараад:
-Чи ч гэсэн царайлаг юм аа хэмээн жуумалзаад огцом эргэн дээш шатаар өгсөөд явчхав. Саруул Нарааг дугтран:
-Чи одоо хүнийг цоо ширтэх юм болиоч гэхэд Нараа:
-Халаад нь яасан ч нимгэн гэрэлтэй юм бэ дээ, Чи тэр юу харсан уу. Нѳгѳѳ юуг нь хэмээн аальгүйтнэ. Саруул:
-Санаа зовчихлоо. Хурдан гаръяа гэв.
Нараад хаа саагүй шинэ орчин, энд тэндгүй сонин содон үзэгдэх нь мэдээж.
Саруул эргэлзэлгүй шууд Модны хоёр руу зүглэв. Мѳн л Нараагийн яриаг сонсож инээд алдан явна. Хаягаар нь очин хонх дарвал том гэдэстэй Нандиа хаалга онгойлгов.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (47)