Хуульч Ё.Бямбатогтохтой зарим зүйлийн талаар ярилцлаа.
-УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн горилогчдыг Сонгуулийн ерөнхий хороо эхнээс нь бүртгэж байна. Гэтэл зарим иргэдийг бүртгэхээс татгалзах асуудал гарч байна. Ер нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэх батламж олгохдоо цагдаагийн лавлагаа, шүүхийн шийдвэр хоёрын алийг нь үндэслэлээ болгох ёстой юм бэ?
-Цагдаагийн байгууллага шүүхийн ямар шийдвэр байна түүн дээр үндэслэж бичиг гаргах ёстой. Цагдаагийн байгууллага шийдвэр гаргадаг биш зүгээр лавлагаа өгөх үүрэгтэй байгууллага.
-Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой маргаан гараад байна шүү дээ?
-Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж цагдаа нь хууль бус бичиг гаргасан. Үүнийг нь үндэслэж Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гэсэн асуудал ярьж байна лээ. Уг нь Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гээд Үндсэн хуульд заасан. Уг шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Н.Энхбаярын хувьд Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх гэж бодож байна. Гэхдээ улстөрийн зорилготой учраас тийм хурдан шийдэж өгөхгүй байх. Бүх түвшиндээ л хэлмэгдүүлэлт явж байна.
-Сонгуулийн тухай хуулиараа нэр дэвших эрх нь нээлттэй байгаа талаар намын зүгээс тайлбар өгч байсан. Та яг ямар үндэслэлээр цагдаагийн байгууллага хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Анхан шатны шүүх дээр авлига, албан тушаалын хэргээр шүүгдсэн. Гэвч Дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн өмчтэй холбоотой хэргээр ялласан байдаг. Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулиараа хориглох зүйл заалт байхгүй. Уг хуулийн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29.8-д зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалттай. Н.Энхбаярын хувьд авлига, албан тушаалтай холбоотой хэрэг байхгүй. Тиймээс Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэр дэвших эрх нь нээлттэй. Д.Зоригт гэж хүн өөрөө сайн яривал төрийн албанд ажиллах эрхгүй юм байна лээ. Учир нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар албан тушаалын хэргээр ял сонсож байсан юм байна лээ. Төрийн албаны тухай хуулийн 22.1.3-т “Төрийн жинхэнэ албанд авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллахыг хориглоно” гэсэн заалттай. Тэгэхээр энэ хүн өөрөө хууль бусаар томилогдсон хүн болж таараад гээд байгаа юм.
-Нэр дэвшигчид дунд хэрэг нь шүүхээр хянагдаж байгаа хэд хэдэн хүн байсан. Эдгээр хүмүүсийн хувьд нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж бодъё. Улсын Ерөнхий прокурорын зүгээс хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гишүүний бүрэн эрх саад болж байна гэж хэд хэдэн удаа хэлж байсан удаатай. Магадгүй хэрэг нь сунжирсаар хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, ийм байдлаар замхарчих вий гэсэн хар иргэдийн дунд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт байх ёстой юм бэ?
-Шалгагдаж байгаа гэдэг үндэслэл нэр дэвшихийг хориглох зохицуулалт болохгүй. Учир нь гэм буруутай гэдгийг зөвхөн шүүх тогтооно. Шүүхээр яллаагүй бол хэнийг ч гэмт буруутайд тооцож болохгүй. Тиймээс тэдгээр хүмүүсийн хувьд яах ч аргагүй гэсэн үг. Н.Энхбаярын хувьд өмнө нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгаан нь энэ юм байна лээ. Тухайн үед Х.Батсүрэн шүүгч, Е.Сагсай прокурор нар энэ хүн ял авах магадлалтай учраас нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн агуулгатай бичиг явуулж, уг бичгийг үндэс болгон Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээс хасаж байсан. Нэг талаараа хэлмэгдүүлэлт гэсэн үг. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг шууд яллаад эрхийг нь хязгаарлаж болохгүй шүү дээ.
-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон сунгаж, нэг удаа сонгогддог байхаар зохицуулсан. Уг заалтыг 2025 оноос хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Ирэх сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх талаар эргэлзээтэй байдал үүсээд байна. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Ерөнхийлөгч Х.Баттулга дараагийн сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй гэж тайлбарлаж байгаа ч хуулиа баримтлавал ийм боломжгүй. Уг асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулах гэж байгаа юм шиг байна лээ.
-Нам, эвслүүд санхүүжилтэээ иргэдээсээ босгохоор хандивын аян өрнүүлж байна. Энэ талаар хуульд хэрхэн тусгасан байгаа вэ?
-Иргэдээс хоёр төрлийн хандив авч болно гэж заасан. Тухайлбал, мөнгөн болон мөнгөн бус хандив авна. Бус гэдэг нь эд материал, тоног төхөөрөмж, бусад төрлийн хандив авч болохоор зохицуулсан. Сонгуулийн тухай хуулийн 49.2-д Сонгуулийн зардал хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөнөөс бүрдэнэ гэж заасан. Ингэхдээ иргэнээс таван сая хүртэлх, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөг хүртэл байж болно гэж заасан. Нэг анхаарах ёстой зүйл нь Сонгуулийн ерөнхий хорооноос зардлын дээд хэмжээг заасан. Заасан хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэсэн үг. Энд хэдэн шадар туслах, ухуулагч байх ёстой. Үүнд нь хэдэн төгрөгийн цалин урамшуулал өгөх зэргийг бүгдийг нь багтаасан байсан. Улмаар тойрог бүр дээр зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн.
-Зардлын дээд хэмжээнээс хэтрүүлсэн нь нотлогдвол ямар хариуцлага тооцох заалттай вэ. Үүнийг хэрхэн хянах боломжтой юм вэ?
-Нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээгээд Үндэсний аудитын газар бүртгүүлж, дүгнэх юм. Гэхдээ сонгуулийн зардлын хэмжээг бүрэн хянах боломжгүй. Учир нь зөвхөн дансанд орсон мөнгийг л хянах боломжтой. Тухайлбал, хувь хүнтэй уулзаад дэмжиж байгаагаа илэрхийлж бэлэн мөнгө өглөө гэхэд үүнийг хянах боломжгүй гэсэн үг. Зардлын тогтоосон дээд хэмжээг дансаараа авлаа гэхэд түүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг бэлнээр авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хянах боломжгүй. Харин иргэд сонгогчдод бэлэн мөнгө, бэлэг сэлт, эд материал зэргийг тараасан зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар нэрийг нь буцаан татах, торгох зэрэг арга хэмжээ авна.
-Хандивын аян сонгуулийн хугацаа дуусах хүртэл үргэлжлэх үү?
-Тийм.
Б.Лхам
Сэтгэгдэл (12)