Япон Улс орон даяар тогтоогоод байсан “онц байдал”-аа бүрэн цуцаллаа. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэвлэлийн бага хурал хийж, “Онц байдал” үргэлжилж байсан Токио, Чиба, Сайтама, Канагава, Хоккайдо мужуудад буюу улс орон даяар онц байдлыг цуцласныг зарлав.
Тэрбээр "Япон Улс нэг сар хагасын хугацаанд “япон загвар”-аар халдварын нөхцөлийг хяналтдаа авлаа. Шинэ тохиолдлын тоо дэлхийн хатуу шалгуурт заасан "сүүлийн нэг долоо хоногт 100.000 хүн тутамд 0.5 ба түүнээс бага буюу халдварын зам нь нарийн тодорхойлогдсон үед 1.0 ба түүнээс багагүй" түвшинд бүх улсын хэмжээнд хүрэв.
Түүнчлэн өвчлөл өндөр байсан үед нэг өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүний тоо 10 мянгад хүрч байсан бол одоо 2 мянга руу бууж ирлээ.
Хэдийгээр онц байдлыг цуцалж байгаа ч цар тахлын аюул бидний эргэн тойрноос арилах болоогүй, их цаг хугацаа шаардагдахаар байгаа тул иргэдээ "амьдралын шинэ хэв маяг"-ыг хэвшил болгохыг уриалж, цаашид халдварын нөхцөл байдлыг хяналтад байлгахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн ямар ямар үйл ажиллагааг шат дараатайгаар нээж болох вэ гэдэг суурь зарчмаар дараа дараагийн шийдвэр гаргана.
... Өнөөг хүртэл Япон Улс 2 удаагийн төсвийн тодотголоор ДНБ-ныхээ 40 хувьтай тэнцэх хэмжээний буюу 200 их наяд иенийн эдийн засгийн дэмжлэгийг ард иргэд, аж ахуй нэгжүүддээ хүргэх шийдвэрийг гаргаад байна. Эн сарын 27-ны өдөр 2 дахь удаагийн төсвийн тодотгол Парламентаар хэлэлцэгдэн эцэслэгдэнэ.
Дахин “онц байдал” зарлах нөхцөл байдал үүсэх магадлал одоо ч бидэнд байгаа ч, миний бие Ерөнхий сайдын хувьд аль болох нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг дахин тасалдуулах шийдвэр гаргахаас татгалзах хүсэлтэй байна. Ирэх сарын 19-ний өдрөөс бэйсболийн дээд лигийн тоглолт үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаад байна. Цаашид энэ мэт спорь, урлагийн үйл ажиллагааг бага тооны үзэгчтэйгээр зохион байгуулах, улмаар үзэгчдийн тоог нэмэх бодлого баримтлах болно.
Халдварын тархалтыг хяналтад байлгах үүднээс Япон Улс хувь хүний мэдээллийн нууцыг сайтар хамгаалсан ухаалаг утасны “байршил тогтоох, эргэн мэдээлэх” аппликэйшн зохион бүтээж ирэх сарын дундуур нийтийн хэрэглээнд оруулахад бэлэн болоод байна.
... Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед Япон Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудад ч тусламж хүргэх хүсэлтэй байна. Энэхүү цар тахлын эсрэг вакциныг хөгжиж буй улс орнуудад ч хүргэх нь чухал бөгөөд ирэх сард болох “Их-7”-ийн уулзалтын үеэр дэлхийн томоохон улс орнуудын тэргүүн нарт хандан вакцин зохион бүтээх асуудлаар хамтран ажиллах “тусгай ажлын баг” байгуулах санаачилга өөрийн зүгээс гаргах болно” хэмээв.