Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Коронавирусний халдвар дэлхийн 216 орны 5.365.000 мянган хүн өвчилж 339 мянган хүн нас барсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 116 мянган хүн халдвар авсан байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-д 8849 хүн халдвар авч өвчлөлийн тохиолдол өндөр хэвээр байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн их тархаж байна. ДЭМБ-ын өчигдөр хийсэн ээлжит хурлаар тархалтын гол цөм Өмнөд Америк тив рүү шилжсэн гэдгийн онцолсон.
Мөн халдварын вакцины туршилтын талаар мэдээлэл өгье. БНХАУ-д бүтээж байгаа вакцины урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлсэн байна. Туршиж үзэхэд хүний биед аюулгүй буюу дархлаа дэмжих хариу арга хэмжээ үзүүлж байсан гэнэ. 14 хоногийн дотор хүний биед вирусний эсрэг бие үүсгэж байжээ. Цаашид эмнэлзүйг дахин хийж батлах шаардлагатай" гэжээ.