“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан билээ.
Уралдаанд нийт 55,823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, 20 сая төгрөгийн батламжийг гардсан бол хоёрдугаар байрт “Маза Эм эй Зэйт Эй” ХХК-ийн бүтээл, гуравдугаарт “Монгол Архитектур” ХХК-ийн бүтээлүүд шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.
Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах юм байна.
Энэ талаар “MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Сэтгэгдэл (1)