Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 19 дэх жилдээ өнөөдөр шалгарууллаа. Уг шалгаруулалтад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр тэргүүлсэн бол 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг эхний найм дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх ажилтаа дахин бататгалаа.
“УБТЗ” ХНН нь өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэсан нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болсон юм. Тус нийгэмлэгийн нийт ачаа тээврийн 50 шахам хувь нийгмийн шинж чанартай ачаа эзэлдэг бөгөөд эдгээр ачааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай хямд тарифаар тээвэрлэдэг нь төр, хувийн хэвшил, иргэдэд ихээхэн ашиг тусаа үзүүлдэг юм.
Мөн өнгөрсөн онд Монгол Улсын нутгаар 1454 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд урд өмнө байгаагүй амжилт байлаа. Түүнчлэн УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих ажлыг хариуцан ажиллаж, ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байгаа билээ.
“ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистикийн мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван шалгуурыг баримталдаг аж.