Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал, 2020 оны эхний дөрөвдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна. 2020 оны эхний улиралд 16, түүнээс дээш насны 10.000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 48 болж, өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурчээ.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 20.9 хувь, хулгайлах гэмт хэрэг 20.2 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16.3 хувь, залилах гэмт хэрэг 19.7 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 39.6 хувь, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 39.7 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 45.4 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 43.2 хувь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 80.4 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 10.6 хувь, хүчиндэх гэмт хэрэг 30.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний дөрөвдүгээр сард 1355 болж, өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1009 болж, 8.8 хувиар өсөж, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 80 болж, 14 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 383 болж, 21.2 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 175 болж, 24.6 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 51.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ есөн тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.3 хувиар, нөхөн төлүүлсэн хохирол 32.8 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний дөрөвдүгээр сард 2.6 мянган хүн гэмтэж, 307 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 11.2 хувиар, нас барсан хүн 35.2 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд оны эхний дөрөвдүгээр сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 6.1 хувиар буурч, харин баривчлагдсан хүн 29.7 хувиар өссөн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний дөрөвдүгээр сард 190 хэрэг бүртгэгдсэний 83.7 хувь нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 159 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 173 зүйлээр зүйлчлэхэд 68.2 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 15 хувь нь хахууль авах, 9.2 хувь нь хахууль өгөх, 5.8 хувь нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 1.2 хувь нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг, 0.6 хувь нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах хэрэг байна.