Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-ны өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар, Төв, Дундговь аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28, зарим үед 34 м/секунд хүрч хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурах, Төв, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн зарим хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болж болзошгүй байна. Мөн энэ сарын 16, 17-нд буюу амралтын өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж өнөөдөр 10.00 цагаас эхлэн орон нутгийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.