Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай онгоц энэ сарын 13-ны 09.35 цагт Улаанбаатараас хөөрсөн билээ. Тэгвэл онгоц өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваартай байсан. Гэвч товлосон цагаасаа хоёр цагаар хоцорч буулаа. Яг одоо зорчигчийн халууныг үзэж, тусгаарлах байранд хүргэх ажлыг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж байна.
УОК-ын шийдвэрээр энэ сарын 13-нд БНТУ руу, 18-нд БНЭУ руу тусгай онгоц нисгэх бол энэ сарын 14, 15-нд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон билээ.
Мөн өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж шинжилгээг эхлүүлсэн байна.