Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-оос хойш нийт 317 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж ажигласан. Улмаар батлагдсан тохиолдол 42 илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын хувьд эх орондоо ирээд 1-2 хоногийн дараа 5-6 удаагийн давтан шинжилгээгээр илэрч байна.
Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлуудын хувьд нэлээд хүнд байдалтай ирсэн. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын 15 нь эдгэрсэн. Эдгэрээд 14 хоног сувилалд хяналтад байж, шинжилгээ хийлгэнэ. Эдгэрээд гарсан хүмүүсээс дараагийн шатны ажиглалтад халдвар илрээгүй тохиолдолд гэрээр өрхийн эмнэлгийн ажиглалтад байх юм. Одоогийн байдлаар долоон хүний ажиглалт бүрэн дууссан.
Улсын хэмжээнд вирус судлалын зургаан лаборатори ажиллаж байна. Өнөөдөр ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан ирнэ. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тokyo Inn, Бага баян зэрэг газруудад байрлуулна. ОХУ-д эрсдэл нэлээд өндөр, тэнд хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа. Өнөөдөртөө багтаад 346 оюутны шинжилгээг авна. Лабораторийнхоо хүчин чадлыг бэлдэж байна” гэлээ.
А.Сүх