Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 15 болж байна. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжинэ. Ингэхдээ иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлдэг. Яг л ийм зарчмаар явна.
Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна" гэв.
А.Сүх