“Элэг нэгт Монголчууд” сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн шинэ цогцолборыг барих ажилд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газрын асуудлыг нь шийдвэрлэж өгчээ.
Энэ талаар тус сангийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ““Элэг нэгт Монголчууд” 2016 онд байгуулагдсан. Үүнээс хойш Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд ХСҮТ-тэй хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нутагшуулан суулгаж чадсан. Улмаар эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, төвийн өргөтгөл зэрэг чамлалтгүй ажлыг хийсэн байдаг. Одоо бидний зорьж ажиллаг байгаа ажил бол Хавдар судлалын шинэ эмнэлэг барих юм. Учир нь манай улсад гэр бүлийн гишүүн нь хавдраар өвчлөөгүй айл өрх тун ховор. Жилд олноороо оношлогддог ч хавдрын эмнэлэг ачааллаа дааж чадахгүй байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн бүс нутагтаа толгой цохих шинэ эмнэлгийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Шинэ эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд 200 сая ам.доллар шаардлагатай гэсэн техник эдийн засгийн үндэслэл гарсан. Мөн эмнэлгийн газрын асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Өнөөдөр гишүүн Х.Нямбаатар амлалтаа биелүүлж, бүх монголчуудад хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжийг нээж өглөө” гэлгийг онцолж байлаа.
Улсын хэмжээнд өдөрт 15 хүн хавдраар өвчилж, 12 хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс дэлхийн анагаах ухааны ололтыг санхүүгийн дарамтгүй хүрэх, эмчлүүлж чаддаг улс байх ёстойг Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн хэлсэн юм.
А.Сүх