Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан билээ. Гэвч шүүх эмнэлгээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдож амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан юм. Уг дүгнэлтийг иргэн Б.Болороо хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэж, Төв талбайд суулт зарлаад байсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзаж, хэрэг мөрдөн шалгах ажиллагааг шударга явагдахад бүх хүчээ дайчлахаа амалсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, хэргийг дахин шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл талийгаач нөхрийнх нь шинжилгээний дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дахин магадласан байна. Энэ талаар иргэн Б.Болороо өөрийн цахим хуудастаа "ХАНИЙХАА НЭРИЙГ СЭРГЭЭЖ ЧАДЛАА. Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.
Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100 хувийн буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрлээ. Гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна. ҮНЭН илэрдэг юм байна шүү. Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ" гэжээ.
Сэтгэгдэл (3)