Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-ныг гэхэд бэлэн болно гэдгийг хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар-Саппоро, Саппоро-Баянбүрд, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон, Яармагийн гүүр -Маршалын гүүр-Зайсангийн гүүр-Скай Ресорт-Баянзүрхийн товчоо-Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна. Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээлбэл, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээсэн юм.
Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа
Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн боловсролын газарт мод суулгац тарих, танхимаас гадуур байгаль экологийн боловсрол олгодог байх боломжийг Гачууртын минж нутагшуулах төвийн ойролцоо, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болсон” хэмээлээ.
Мөн Улаанбаатар хотын хуурайшилтыг багасгах, саарал ус, далан сувгийг дагасан шар усыг ашиглах замаар хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд 1884 га талбайд суулгац үрсэлгээ, төрөл бүрийн ургамал ногоон байгууламжийн ажлыг хийж, нуур хөвд байгуулах боломжтой болжээ. Гэхдээ нэг наст бус олон наст ургамалыг тарж суулгах юм байна. Мод тарих сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ ирүүлсний дагуу газар гаргаж өгөх болно гэдгийг хотын Захирагч онцоллоо.