БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс өнөөдөр 11.00 цагийн байдлаар Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон хороонд коронавирусний голомтлон халдварлалт тархсаны улмаас Сөүл хот 51, Гёнги муж 20, Инчөн хот долоо, Умард Чүнчөн муж тав, Бусан хот нэг, Жэжү хот нэг нийт 85 иргэнд халдварын тохиолдол илэрсэн талаар мэдээллээ.
Халдварт өвчин судлалын төвөөс дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын 06-ны хооронд Сөүл хотын Итэвон хорооны үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд коронавирусаар халдварласан байх өндөр магадлалтай болохыг анхааруулаад байна.
Иймээс дээр дурдсан хугацаанд Итэвон хорооны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсэн манай иргэд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 тусгай дугаарт холбогдон зөвлөгөө авч, өөрт ойр эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх, өөрийгөө гэртээ тусгаарлах зэрэг арга хэмжээг авахыг анхааруулж байна.
БНСУ-ын Засгийн газраас тус улсад хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд коронавирусний шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэсэн мэдээллийг хууль сахиулах байгууллагад дамжуулах, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болохоо мэдэгдсэн. БНСУ-д коронавирусний халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд харьцангуй намжсан ч голомтлон халдварлах, халдварын хоёрдах дэгдэлт гарах эрсдэл өндөр байна. Иймд манай иргэд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн мөрдөж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарууллаа.