Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн орлогоо ХОМ-тээ тусгахаас зайлсхийж, нуун дарагдуулсан хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний бие иргэн хүнийхээ хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын шудар бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчлийн талаар өдөр бүр нэг нэгээр нь АТГ-д өгч шалгуулна. Энэ удаагийн АТГ-д өгч шалгуулах хүн бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн. Тэрбээр 2015-2016 онд Хятадын хөрөнгө оруулалттай "Эмпайр Газ Монголиа" компанийн ерөнхий захирал хийж байсан. Энэ компаниас цалин авч байсан мөртлөө ХОМ-доо огт мэдүүлж байгаагүй. Мөн хилийн бүсэд 87 уурхай ажиллаж байхад энэ тухай нэг ч удаа мэдээлэл өгч байгаагүй. Жирийн нэг иргэн хилийн бүс давахад л ямар их хүндрэл учирдаг билээ. Гэтэл тэнд 87 уурхай ажиллаж байна гэдэг нь монголын эмгэнэл болчихоод байна.
"Эмпайр Газ Монголиа" компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр, Борзон толгой гэдэг газарт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Одоо бол хүн харахын эцэсгүй болсон байна лээ. Ц.Сэргэлэн гэгч нь албан тушаалынхаа хүрээнд уг компанийг хаацайлж байсан нь баримтаар тодорхой болсон. Ийм хүмүүс төрийн өндөр албан тушаалд очоод байна. Иргэд үүргээ биелүүлээд төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг нэг нэгээр нь нэрлэмээр байна. Шударга ёс нь хаана байгаа юм бэ. Миний хувьд сонгуулийн шоу хийх гэсэн санаархал байхгүй" гэдгийг онцолсон юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)