БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас манай улсын Цагдаагийн ерөнхий газарт тусалсан тахлаас сэргийлэх анхны ээлжийн 800 мянган юанийн эд бодисыг Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлжээ.
Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар ногоон гарц ажиллуулж, аравхан минутад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хилээр нэвтрүүлсэн байна. Эдгээр эд бараанд эмчилгээний зориулалттай нэг удаагийн амны хаалт 160 мянган ширхэг, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, эмчилгээний зориулалттай 1000 нүдний шил байгаа аж.
Энэ талаар Хятад улсад тахлын байдал хүнд хэцүү байх үед Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийт Хятад улсад халуун гараа сунган, туслалцаа дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй гэжээ.