Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр шилдэг гурван яамны нэг болжээ. Шилдэг яамны цом батламжийг Шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 17 хувь байсныг 20.1 хувьд хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Тухайлбал, Ноён уул орчмыг дархан цаазат ангиллаар, Гутайн даваа, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Мөн БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 11 ААН, Өмнөговь аймагт ес, Баянхонгор аймагт тав, Завхан, Увс аймагт тус бүр нэг ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гарган, УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлж, цуцлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хоёр удаа хяналт шалгалт хийж, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 48 ААН-ийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл (1)