Дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаа цар тахлын үед дэлхийн ихэнх улс хөл хориогоо чангатгаж, хичээл сургуулийн карантиныг сунгаж байна. Манай улсын хувьд ч мөн адил хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгах тухай асуудал яригдаж буй. Дэлхий нийтэд цочроо өгөөд буй COVID-19 халдварын дараа дэлхий нийт шинэ нийгэм рүү шилжинэ гэж мэргэжлийнхэн онцолж байна. Тиймээс залуусын хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ дадлыг хэвшүүлэх чухал цаг үе ирлээ. Уг ажилд манай урлаг соёлынхон манлайлан оролцож байгаа бөгөөд энэ удаагийнхаа дугаарт дуучин С.Гантогоог урьж сонирхолтой яриаг өрнүүллээ.
-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай сайтын уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэе.
-Солонгосоос хэзээ ирсэн бэ?
-Солонгост тав дахь дууныхаа клипийг хийгээд цагаан сарын шинийн 1-нд буюу тусгай үүргийн онгоцоор амжиж Монголдоо ирсэн.
-Кинонд анх удаа дүр бүтээж үзлээ. Киноныхоо тухай ярихгүй юу?
-UBS телевиз “Эзэнгүй айл” анхны олон ангит киног хийж байсан шүү дээ. Үүнээс хойш 20 жилийн дараа хийгдэж байгаа том төсөл. Миний хувьд томооохон контентэд дүр бүтээж байгаадаа маш их баяртай байна. “Бэрүүд” олон ангит кино нь эерэг, хөгжилтэй байдлаар амьдралыг харуулсан. Миний хувьд шигтгээ болсон дүрд оногдож, дууг нь дуулсан. Гэр бүлээрээ үзэхэд сургамжтай кино болсон болов уу.
-Жүжиглэхэд ямар байв. Амаргүй байв уу?
-Анх удаа кинонд дүр бүтээж байгааг ч хэлэх үү, маш их хэцүү байсан. Хоёр сарын турш жүжиглэх ур чадварын хичээл заалгасан. Эмэгтэй гол дүртэйгээ их ажилласан. Өглөө бүр уулзаж, дүр дээрээ ажиллана. Даалгавар авна, шалгуулна. Ингэж л бэлдэж явлаа. Кино энэ сардаа багтаж олны хүртээл болно гэсэн.
-Карантины үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Хөл хорио жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хүнд цохилт болж байна. Үүнтэй адил урлагийнхны хувьд ч ялгаагүй хүнд, хэцүү үе болж байна. Ямар ч тоглолт, олон нийтийн үйл ажиллагаа байхгүй, тогтмол цалин авдаггүй учраас хэцүүхэн л байна. Гэхдээ хэцүү байлаа гээд зүгээр сууж болохгүй. Миний давуу тал юу билээ, олон нийтэд хандаж юу хийж чадах билээ гэж их бодсон. Би Газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн. Солонгост 13 жил амьдарсан. Хэлийг нь хэнээр ч заалгахгүйгээр өөрөө сурж байсан юм. Ялангуяа хар ярианы талын хэлийг хэнээс ч дутахгүй сайн шүү /инээв/. Мөн Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан таньдаг ах маань Улаанбаатар дээд сургуульд багшилдаг юм. Өөрийнхөө давуу талыг ашиглаад онлайнаар дамжуулан Солонгос хэлний анхан шатны хичээл заахаар шийдээд байна. Дэлхий нийт байнга карантинтай байхгүй. Хэзээ нэгэн цагт Солонгос улс руу ажиллаж, аялах гэж явлаа гэхэд хэнээс ч тусламж дэмжлэг авахгүйгээр үг, үсгээ сурчихсан байвал их зүгээр юм шиг санагдсан. Хөгжилтэй байдлаар, багахан төлбөртэй онлайн сургалт явуулна.
-Ялангуяа урлагийн хүн хичээл заах учраас хүмүүс их сонирхох байх. Хүний тоо хязгаартай байх уу?
-Танхимын сургалт биш учраас олон хүн сургалтад хамрагдвал сайн. Эхний ээлжинд анхан шатны хоёр сарын сургалт хийнэ. Хандалт сайн, үр дүнтэй байвал цааш үргэлжлүүлэн ахисан шат зэргийг заана гэж бодож байна.
-Таны хувьд гадаад хэлийг бие даан сурсан гэлээ. Бие дааж сурахад гол анхаарах зүйл нь юу юм бэ?
-Ер нь хэл сурах хамгийн сайн арга гэж байдаггүй. Хувь хүний тууштай зан чанар чухал. Мөн чиглүүлж байгаа хүн нь хөгжилтэй байдлаар өгөөжтэй зааж сургах хэрэгтэй. Багш нь сайн заагаад сурагч нь хичээл зүтгэлгүй бол хэцүү. Сурагч нь сайн байгаад багш нь ойлгомжгүй заагаад байвал мөн л хэцүү. Миний хувьд Солонгост анх очихдоо “баярлалаа” гэдгээс өөр үг хэлж мэддэггүй байсан. Дуунд дуртай учраас Солонгос дуу сонсоод л дагаж дуулаад явдаг байлаа. Дараа нь дууны үгийг нь орчуулж сонсдог болсон. Дуунаас сурсан үгээ холбож, хүнтэй ярилцдаг байсан. Ер нь солонгос хэлийг дуугаар дамжуулж сурсан гэхэд болно. Хүн ямар аргаар, хэрхэн сурвал өөрт нь амар байна. Тэгж л сурах хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн бүгдийг чаддаг шүү дээ.
-Та гадуур хэр гарч байна вэ. Манайхан жаахан назгайрч байна, маскгүй хүн олон байна гэдэг шүүмжлэл гарч байна. Таны бодлоор иргэдийн хандлага ямар байна вэ?
-Төр засгийн гаргасан шийдвэрийг сайн биелүүлж байх шиг ээ. Маскгүй хүмүүс мэр сэр харагддаг л даа. Яг үнэндээ "Маск зүү" гээд хэлчихмээр санагддаг. Миний хувьд нинжа шиг болоод л гардаг. Хүнтэй гар барихаас татгалзаж, ёсолгооны байдлаар мэндэлж байна. Хэцүү цаг үед төр, засгийн шийдвэрийг дагах нь зөв. Ялангуяа настай хүмүүс, хүүхдүүд гадуур гарахгүй байх хэрэгтэй. Анх халдвар гарч эхлэх үед Солонгос улсад маск зүүсэн хүн ховор байсан. Өвчин даамжраад ирэхээр цочрол авч маскны хомсдол үүссэн. Манай улсын хувьд урьдчилан сэргийлэх ажлын тун сайн хийсэн. Хамгийн гол төр засгийн хийх ажлаас гадна иргэдийн ухамсар их чухал.
-Хичээл сургууль карантилагдсан энэ үеийг мэргэжлийн байгууллагынхан боломж гэж харах хэрэгтэйг зөвлөж байна. Залуучуудад хандаж уриалга гаргавал?
-Хүн бүр ухаалаг утастай. Утсаараа кино үзэж, тоглож болно. Гэхдээ энэ үеэр өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бодож, хэрэгтэй зүйлд илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Хэрэгтэй, хэрэггүй лайв үзэж, сөрөг мэдээлэл авч байснаас аль болох өөрийгөө хөгжүүлэх, хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдэг сонголт хүн бүрийн гарт бий. Бид утсандаа ертөнцийг авч явж байна шүү дээ. Мэдээж гадуур гарахыг би ч, та ч хүсч байна. Гэвч үнэхээр аймшигт аюул дэлхий нийтийг хамраад байхад бид хичээхгүй бол болохгүй. Тиймдээ ч карантины үеэр хэн нэгэнд өгөөжтэй ажил хийх юмсан гэсэн бодол минь биелэлээ олох гээд явж байгаад баяртай байна.
-Хамгийн гол нь хувь хүний сонирхол, хичээл зүтгэл их чухал. Ер нь хэлний сургалтын газрууд үг их цээжлүүлдэг шүү дээ. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?
-Өдөрт нэг үг мэддэг болоход л 365 хоногийн дараа өргөн хэрэглээний үгээ цээжилчихдэг. Яг л ингэж сурсан. Түүнээс биш өдөрт 50, 100 үг цээжил гээд даалгавраар шахах нь бэрхшээл болгодог талтай. Ер нь коронавирусний дараа бүх зүйл өөрчлөгдөж, дижитал технологиор эрчимтэй хөгжих нь тодорхой. үүнийг иргэд зөвөөр, ухаалгаар ашиглах ёстой юм болов уу.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)