Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин Г.Луузантай ярилцлаа.
-Сүүлийн үед Гадаад харилцааны яамнаас хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдаа томилох асуудлыг Тамгын газрын дарга нь шийддэг тухай сошиалаар яригдаж, олон нийтэд тийм ойлголт төрүүлж байх шиг байна. Энэ хэр зэрэг үнэн, бодитой вэ?
-Сүүлийн үед олон нийтэд үндэслэлгүй, ташаа ойлголт бүхий мэдээ, мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх хандлага их гардаг болж. Дипломат албанд нэлээд хэдэн жил ажилласан хүний хувьд томилгоог хэрхэн хийдэг, хэн шийдвэр гаргадаг, ямар хууль, журмаар зохицуулдагыг мэднэ. Дипломат албаны тухай хуульд зааснаар цэргийн атташе, Байнгын төлөөлөгчийн газрын орлогч, Элчин зөвлөхийг Гадаад харилцааны сайд нь тушаал гаргаж томилдог. Бусад дипломат болон үйлчилгээ, техникийн албан хаагчдыг яамны Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцээд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилдог зохицуулалттай. Түүнээс биш ГХЯ-ны газар, хэлтсийн дарга, түүн дотортамгын газрын даргад албан хаагчдыг дотоод, гадаадад томилж, бие даан тушаал гаргах эрх, мэдэл огт байхгүй. Энэ журамд өөрчлөлт ороогүй гэж бодож байна.
-Дипломатууд гэмт хэрэг зөрчилд холбогдох, тухайлбал хар тамхи тээвэрлэсэн хэрэг гарч нэг хэсэгтээ шуугиан тарилаа? Яаж таслан зогсоох ёстой вэ?
-ХБНГУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулагдсан албан хаагчид Гадаад харилцааны яамны үндсэн дипломат албан хаагчид биш байна лээ. Миний хувьд тэднийг таньж мэдэхгүй. Үүгээр би ГХЯ-ыг хариуцлагаас хаацайлах гэж байгаа юм биш. Ийм асуудал гарч улс орны, дипломат албаны нэр төрд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдээж харамсалтай хэрэг. Хил дамнан хар тамхи тээвэрлэнэ гэдэг тангараг өргөсөн дипломатч хүний хувьд байж боломжгүй асуудал. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй болсон байна гэж бодож байна. Ер нь томилгоо хийхдээ тухайн хүний сэтгэц, ёс зүйн байдлыг сайтар судлах нь чухал.
-Хилийн чанадад байгаа албан хаагчиддаа Гадаад харилцааны яам хяналт тавих боломж хязгаарлагдмал юм бишүү. Машин тэрэг оруулж зарлаа, улс дамжин тамхи зөөлөө гээд асуудал хөврөх юм?
-Хувийн болон албан ажлын шугамаар суугаа орноосоо бусад гуравдагч улсад зорчих тохиолдолд яамны Төрийн захиргааны удирдлагын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчдог журам үйлчилж ирсэн. Дипломат ажилтан, түүний гэр бүлийн гишүүд бүгдэд нь энэ журам хамааралтай. Миний үед, миний мэдэхийн яам, системийн байгууллагад ажиллаж байсан бүх дипломат ажилтнууд энэ журмыг дагаж мөрддөг байсан. Сүүлийн үед төрийн бусад байгууллагаас томилогдож буй зарим албан хаагчид хууль, дүрмээ санаатай, санамсаргүй байдлаар зөрчөөд байгаагийн нэг илрэл нь Таны асуугаад байгаа тамхины хэрэгт холбогдсон хүмүүс болов уу. Бас пасспортуудыг нь ДТГ-ын Тэргүүн хадгалдаг журам бий. Гадаад харилцааны яам өдөр тутам хяналт тавих боломжгүй, харин албан хаагчдаа бусад орон руу зорчих асуудал дээр Тэргүүн нар буюу Элчин сайд, Ерөнхий консул, Консул, Байнгын төлөөлөгч байнга хяналт тавьж байх үүрэгтэй. Эдгээр журмууд болон зохицуулалт хэвээрээ байж таараа.
-Дипломат албанд сонгож томилгоо хийх процедур, жишиг ямар байдаг юм бол. Бодвол хэн дуртай нь ороод, томилогдоод байдаггүй байх?
-Дипломат алба өөрөө өндөр шалгуур, болзол, нөхцөл шаарддаг ажил. Тэр утгаараа ч дипломат албанд анх орох иргэнээс шалгалт авч, сонгон шалгаруулдаг журам бий. Яамны үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагаа, консулын харилцааны гээд мэргэжил, мэргэшил голлон шаарддаг. Мөн албан ажлын хэрэгцээ бүрэн хангах 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой. Энэ талаар Дипломат албаны тухай хууль, яамны дотоод журамд бүр тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал, тухайн албан хаагчийг мэргэжлийн бэлтгэл, мэргэшил, ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар, суух орны болон ажлын байрны онцлогт тохирсон гадаад хэлний мэдлэг зэргийг нь харгалзан яамны дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр Дипломат төлөөлөгчийн газарт томилдог. Бүр шаардлагатай гэж үзвэл ДТГ-ын удирдлагаас нь тухайн хүний талаар санал авсны үндсэн дээр мөн төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн хүнийг томилж болохыг шийдсэний дараа Сайд, Төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган эцэслэн албажуулдаг процедуртай.
Сэтгэгдэл (14)