Энд тэндгүй инээлдэн хөөцөлдөн гүйх хүүхэд багачууд, хайранд умбан хөтлөлцөн алхах хосууд гээд энэ бол хүүхдийн паркын брэнд дүр төрх. Аз жаргалын адерналин дээд зэргээр ялгардаг уг газарт уйтгар гуниг, харуусал хургахын аргагүй Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар “хүүхдийн парк” улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор нээгээд тав хонож байна.
Аз жаргалын дуу хуур гэж онцолсон энэ газар даваа гарагийн үдэд зочиллоо. Ажлын эхний өдөр тэр дундаа өглөө эрт болоод ч тэр үү, хүүхдээ салхилуулж буй эцэг, эхээс өөр хүний бараа харагдсангүй. Хүүхдийн паркийн тоглоомууд өвөлжин хийх ажилгүй” зогссондоо уйдаж, бяцхан үрсийн инээд, баяслаар “цангасан” болов уу гэсэн бодол тээсээр паркаар хэсэг алхав.
Паркийн үйл ажиллагаатай ийн танилцахаар ирсэн шалтгаан нь “Хүүхдийн паркийн тоглоомууд чийхарч, чичирхийлж байна” гэсэн мэдээлэл сошиалаар цацагдсантай холбоотой.
Уг постын араас хүүхдээ тус газарт тоглуулахаас айсан эцэг, эхчүүдийн сэтгэгдэл хөвөрсөн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Учир нь өнгөрсөн 2018 оны зургадугаар сард Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эргэлддэг пуужин буюу “Сансрын хөлөг” тоглоом унаж, дөрвөн хүүхэд хүнд гэмтсэн билээ. Ослын дараагаас дахин ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсэх нь дамжиггүй. Тиймээс паркийн тоглоомын аюулгүй ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх, эрсдлээс хэрхэн сэргийлж буйг тодруулахаар ирсэн нь энэ юм.
Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн маркетингийн менежер Г.Алдархишигээс тодруулахад “Дөрөвдүгээр сард цаг агаар дулаахан зарим өдрүүдэд парк үйл ажиллагаагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл, албан ёсоор нээлтээ хийхээс өмнө бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэсэн үг. Одоо бол бэлтгэл ажлаа бүрэн хангагдсан гэж үзэж болно” гэсэн юм.
Хүүхдийн паркад нийт 22 тоглоом байдгаас 21 нь өдөр тутамд ашиглагдаж байгаа аж. Түүнчлэн энэ оноос өсвөр үеийнхэнд зориулсан хоёр шинэ тоглоом нэмэгджээ.
Одоогоор суурилуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сараас эхлэн бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн талаар мөн хэлсэн юм.
Харин зарим тоглоом чийхарч дуугаран, чичирхийлсэн талаар “Бүх тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангасан. Тос тосолгоог нь хийж, гинжийг сольсон. Иргэд буруу ойлгосон байх” гэсэн юм. Тиймээс мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Эрдэнэхүү уг асуудлыг тодрууллаа.
Г.Эрдэнэхүү: Паркийн тоглоомууд 8-10 жил ашиглагдаж байгаа
-Үндэсний соёл амралтын хүрээлэнд хяналт, шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтын явц хэр байна вэ, тоглоомуудын насжилтын талаар мэдээлэл өгнө?
-Насжилтын хугацааг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Ерөнхийдөө 8-10 жилийн хугацаатай ашиглагдаж байгаа тоглоомнууд байсан. Тоглоомууд “хэдэн жилийн хугацаатай”, “тэд орчим жилийн дараа солино” гэсэн тогтсон журам байдаггүй. Ашиглалт, аюулгүй ажиллагаанд манай байгууллагаас хяналт, шалгалт хийж байна. Хяналт, шалгалтын явцад тодорхой хэд хэдэн зөвлөмжийг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК-д хүргүүлсэн.
-Шалгалтаар яг ямар ямар зөрчил илэрсэн юм бэ?
-Морин тойруулга тоглоомд хамгаалалтын эргэлдэх эд анги болон эргэлдэхгүй эд ангиудын хоорондох зайг хамгаалсан резинэн хамгаал урагдаж, сэмэрсэн. Мөн ган татлагын зарим хэсэг зэвэрсэн. Түүнчлэн “Диназовар” тоглоомны цлиндерийн суурийн гагнуурыг шалгах шаардлагатай зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс өгсөн чиглэлийн дагуу шалгаж, засварлах үүрэг өгсөн. Цэвэрлэж шалгасны дараа бидэнд эргэж мэдэгдэх журамтай. 2018 оны арваннэгдүгээр сард тоглоом үйлдвэрлэгч компанийн инженерүүд Монголд ирж, механик эд анги, металл хийцийн ялгаралыг соронзон аргаар шалгаж, баталгааны хуудас гаргаж өгсөн.
-Өнгөрсөн жил “Сансарын хөлөг” тоглоомонд осол гарсан. Ямар шалгааны улмаас осол гарсан юм бол. Энэ тоглоомыг дахиж шалгасан уу?
-Өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд хяналт шалгалт хийх үеэр "Сансарын хөлөг" тоглоомын гар хэсэгтээ цавтай байгааг анхааруулж, нэмэлт засвар хийх зөвлөгөө өгсөн. Гэтэл “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК хүчдэл засвар үйлчилгээ хийлгүйгээр зөвхөн гаднах үзэмжийг нь зассанаас болж тухайн осол гарсан. Тухайн үед “Сансарын хөлөг” онгоц тоглоомыг ашиглалтаас хассан.
Эндээс үзвэл, паркийн зарим тоглоом асуудалтай болж таарах нь. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс тоглоомын засвар үйлчилгээг сайн хийхгүй бол өнгөрсөн жил болсон осол давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй биз ээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)