Шинэ жилийн баяр тохиож буй энэ өдрүүдэд ноцтой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 19-ний шөнө 5.00 цагын орчимд “Фарм Трейд” компанийн манаачийг үл таних гурван этгээд биед нь хүнд гэмтэл учруулж, хутга тулган айлган сүрдүүлж улмаар 20 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ. Уг хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтарч шалгахад 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. Түүнчлэн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүмүүст зодуулсан бөгөөд ГССҮТ-ийн эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлсэн боловч хохирогч гэмтлээ даалгүй амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийг 25 настай Ө нь ажлын хамт олонтойгоо тус караокегоор үйлчлүүлж байхдаа “Дуу дуулуулсангүй” гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж, амь насанд нь хүрсэн байж болзошгүй болох нь тогтоогдсон байна.
Мөн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхоны орцонд энэ сарын 20-ны өдөр А, Э нарыг үл таних хүн хутга тулгаж эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хэргийг илрүүлсэн байна. Энэ мэтчилэн шинэ жилийн баярыг тохиолдуулан дээрэм, халдлагын гэмт хэрэг олшрох хандлагатай байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Лхам