АТГ энэ сард 385 эрүүгийн хэрэг шалгажээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаад байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад асуудлаар шалгагдаж байгаа хэргүүдээс дурдъя.
Тодруулбал, ЖДҮ-ээс улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байж болзошгүй хэргээр нэр бүхий 10 гишүүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Түүнчлэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай үндэслэлээ гарган прокурорт шилжүүлжээ.
Мөн Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор төрийн албан хаагч нарт их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан /1.3 сая ам.доллар/ гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хараахан шалгаж дуусаагүй байгаа юм байна.
Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор 20 орчим дугаар хэрэг шалгагджээ. Эдгээр нь шүүхийн шатанд шилжжээ.
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав бусдаас дөрвөн сая ам.доллар авсан гэх хэрэг нийтэд ил болоод байгаа. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Уг мэдээллийг тараасан гэх хүн нь хил давсан учир уулзаж чадаагүй талаар АТГ-аас тайлбарлаж байна.
Төмөр замын 280 сая ам долларын хэрэгтэй холбогдуулан Улсын Дээд шүүхээс залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ч бусад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хэрэгсэхгүй болсон зүйл байхгүй гэдгийг АТГ-аас хэллээ. Харин хэрэгт холбогдох зарим этгээдүүд хилийн чанадад гарсан байгаа ба эрэн сурвалжлах ажилагааг явуулж байгаа юм байна.
Түүнчлэн 60 тэрбумын гэх хэрэг ТЕГ-т шалгагдаж байгаа юм байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд ЖДҮ-ээс зээл авсан гэх асуудал шалгагдаж байгаа аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (16)