УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ ярихдаа “Эрх барьж байгаа МАН дотроо бүлэглэл, фракцад хуваагдаж, эрх мэдэл сандал суудлын төлөө тэмцэлдэж байх хооронд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал урьд хожид байгаагүй хэмжээнд доошоо орж байна. Өнөөдөр гадаад өрийн асуудал хэмжээнээсээ хэтэрлээ 2016 онд МАН-ын дэвшүүлж байсан өр шинээр тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өрнөөс салгана гэсэн амлалт, мөрийн хөтөлбөр үлгэр боллоо. Бүрэн эрхийн хугацаа хоёр жил зургаан сар өгөрч жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдгээр хүмүүс амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гуравхан ажилтай гүйцэтгэл нэг ч байхгүй. Энэ ажлынх нь нэг нь шатахууны үйлдвэр барина гэсэн. Хэзээ барьж, хэзээ шатахуунаа гаргах, ажлын гүйцэтгэл нь хэдэн хувьтай явж байгаа нь тодорхойгүй байна. Мундаг бүтээн байгуулалт эхлүүлж байгаа гэсэн үлгэрийн яриатай. Шатахууны үйлдвэр, цэвэрлэх байгууламж, саарал ус ашиглах гэснээс өөр ямарч бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт, хийсэн бүтээсэн зүйл байхгүй.
2017, 2018 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маш муу байна. Монгол Улсын төр гэж байгаа бол нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж асуудлуудыг шийдэх цаг болсон байна.
Бензин шатахууны үнийг өчнөөн төгрөгөөр нэмчхээд 100-хан төгрөгөөр буулгаж хэнийг хуурч байгаа юм. Буулгахдаа ганцхан 92 маркийн бензин 100 төгрөгөөр буурсан, бусад нь нэг төгрөгөөр ч буураагүй байна.
МАН засгийн эрхийг аваад Чингис, Самурай бондоос их хэмжээний өр тавьжээ. Сая 500 сая ам.доллар нэмж өр тавьсан. 2,6 жил засаглахдаа дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр тавьсан байна. Энэ долларын үр дүнд юу хийв, ямар бүтээн байгуулалт, ямар хөрөнгө оруулалт хийв гэсэн мэдээлэл огт байхгүй байна. Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2018 оны зургадугаар сарын 30 байдлаар 21.1 их наяд төгрөг хүрч 4,5 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Сангийн сайд Засгийн газрын зөвхөн дотоод өрийн бууралт хийгээд нийт гадаад өрийн ДНБ харьцуулсан хувь хэмжээг нийтэд дэлгэх дуртай. Нийт өрөөс зөвхөн хасагдаж буй хэсгийг таслан авч танилцуулж байгаа хэрэг.
Хоёрдугаарт Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч сүүлийн гурван өдөр аюулын дохио дуугарлаа. Энд хэн ч анхаарал тавихгүй байна. Эрх баригчид сандал суудлын асуудал чухал байгаа болохоос биш нийслэлд байгаа 2, 4 мянган хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал үнэхээр хамаагүй мэт аашилж байна. Агаарын бохирдол маш хүнд асуудалтай үед нийслэлийн удирдлага солигдож байна. Дараагийн дарга нь өдийг болтол томилогдоогүй байна. Яасан цагаа олж халаа сэлгээ хийдэг юм бэ. Яагаад он гарж хийж болдоггүй юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний байрт жагсаж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ тогтоосон стандартаас 2-7 дахин их болсон, агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасгахаас гадна уушгины хорт хавдар 38 хувь, цус харвалтын 36 хувь, зүрхний шигдээсийн 29 хувийн шалтгаан болж байгаа төдийгүй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлсээр байна. Монгол Улсад 2016-2017 оны байдлаар агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жилд 4000 гаруй хүн нас барсан цочирдмоор тоо гарсан байна. Уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “БНХАУ-аас Монгол Улсад өгч байгаа зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар 33 хувьд хүрсэн байгаа. ОУВС-ийн дэмжлэгтэй олон улсаас өгч байгаа зээлүүдийг өгөхгүй гацаанд орсон байгаа. Цаашдаа нэг улсаас зээл авахыг хязгаарлах нь зүйтэй гэж хэлмээр байна. БНХАУ-аас Засгийн газар нийт 285 сая ам.долларын зээл авсан. Энэ УИХ-аар батлагдаж гэрээгээ байгуулсан. Мөн Монголбанкны своп 15 юань буюу хоёр тэрбум 181 ам.долларт хүрлээ. Хөгжлийн банкнаас 162 төгрөгийн зээл авсан ингээд нийт гурван тэрбум 628 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авсан байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1 буюу 33 хувьд хүрлээ. Ийн аюулын харанга дэлдэж байна. Нэг улсаас авч байгаа зээлийн хэмжээ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүрэхээр хэмжээнд хүрсэн нөлөөллийн судалгааг Засгийн газар, Монголбанк хийхгүй байна. Үүнийг ард түмэнд мэдээлэхээс айж байна. Тиймээс гадаадаас зээл авах, улс оронд зээл өгөхгүй байгаа нөхцөлд урд хөршөөс зээл авах асуудлыг дахиж ярихгүй шүү гэж АН зүгээс анхааруулж байна” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)