Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ нь Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлох зорилготой юм.
Шалгаруулалтыг МУБИС-ийн доктор, дэд профессор, НХУС-ийн багш С.Түмэндэлгэр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, профессор Г.Түмэннаст, ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын багш, доктор, профессор Т.Амаржаргал, Гал голомт хөпөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Э.Октябрьжаргал, ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг, ХНХЯ-ны ХАХГ-ын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг нар шүүв.
Тус эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрт МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, дэд профессор, доктор А.Батхишиг “Ядуу өрхтэй ажиллах нийгмийн ажлын арга зүй”, дэд байрт Гүүд нейборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай “Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг мэргэшсэн багийн үйлчилгээ болгох, арга зам, үр дүн”, гуравдугаар байрт ШУТИС-ийн БАТС-ийн магистрант Л.Баянмөнх “Архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэнийг дахин нийгэмшүүлэх нь” сэдвүүдээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг хэвлэж, олон нийтийн хүртээл болгон, цаашид шилдэг илтгэлүүд бэлтгэж оролцсон эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтоож, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажилд хамтран ажиллах юм байна.