НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн и-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272.697.943 баримт хэвлэгдэж, иргэд 169.370.846 баримтыг и-баримтын системд бүртгүүлэн батагаалжуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.
Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэргээс шалтгаалан урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймээс таны и-баримт бүртгүүлдэг аппликейшн руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулаагүй тохиолдолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу урамшууллыг цуцалж, санхүүжилтийг буцаах болно. Санхүүжилт буцсан тохиолдолд урамшуулал олгох боломжгүйг анхаарна уу” гэсэн санамжийг илгээж байгаа аж.
Хэрэв 2017 онд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг аваагүй, эсвэл 2018 онд бүртгүүлсэн баримтын сугалааны хонжвор дансанд тань орж ирээгүй бол 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очиж, мэдээллээ шинэчлүүлэх, и-баримтын системд нэвтэрч мэдээллээ баталгаажуулах шаардлагатай юм байна.
Буцаан олголтын урамшуулал, сугалааны хонжвор авах иргэд цахим төлбөрийн www.ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө доор тохиргоог хийгээрэй.
Үүнд, овог, нэр кирилээр байх, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.