Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойн ажлын хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим / МҮХАҮТ/, ГХЯ, УБ хотын ЗАА-ны худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулах гэж байна.
Эдгээр ажлын хүрээнд ѳнѳѳдѳр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав болон 21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцоно.
Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй тус арга хэмжээ хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд худалдаа эрхлэгчдээс гадна, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан өргөн хүрээнд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн тулгамдаж буй асуудлаа олон талаас нь хамтаараа хэлэлцэн зөв, оновчтой шийдлүүд гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлох зорилготой болно.
Чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд энэ сарын 6-нд буюу маргааш өглөө МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14.00 цагт Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийг ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хориннэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярын цуглаанаар үргэлжилнэ.
Харин энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулган зохион байгуулагдах юм. Чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн худалдааны салбарын төлөөлөгчид болон эрх бүхий байгууллагын төлөөллүүд оролцож, Дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг авч үзэж шийдвэрлэх арга зам, боломжуудаа болон цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм.
Хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээ 7-ны орой шилдгүүдээ тодруулах “ХҮРЭЭ АВАРДС 2018” хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөнө.