Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, Мах Маркет ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-оп Монгол төсөлтөй хамтран “Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бага хурал зохион байгууллаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "Монгол Улсын мал аж ахуйн салбар нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн тулгуур салбар. Мал сүргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны жилийн эцэст 84.4 сая толгойд хүрэх урьдчилсан тооцоолол гараад байна. Сүргийн бүтцэд бог мал давамгайлж, хонин сүрэг нийт малын 45.4 хувь, ямаа 41.2 хувийг тус тус эзэлж байгаа нь зохистой бүтцийг алдагдуулж, бэлчээр доройтох, даац нь хэтрэх, улмаар мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн чадавх, бүтээмжийг бууруулах шууд хүчин зүйл болж байгаа судлаачид хэлдэг. Ийнхүү бэлчээрийн даац, сүргийн эргэлтийг харгалзан үзвэл жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөц бидэнд бий. Тиймээс монгол малын махыг онцлог давуу талаа түшиглэн шинэ санаа, шилдэг шийдэл, шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан, олон улсын зах зээлд сурталчлан таниулж, хүнс экспортлогч орон болох зорилтдоо хамтын хүчээр амжилттай хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Бага хурлын онцлог нь хонины махны үйлдвэрлэлийн эхний шатны хариуцагч-малчид, эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд нийлүүлэгч мах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд болон судлаач-эрдэмтэд, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, өөрсдийн санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлэх аж. Ийнхүү мал сүргийн бүтцийг зохистой байлгах бодлогыг хэрэгжүүлэх, хонин сүргийн махан ашиг шимд тулгуурласан экспортын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн боломжийг ашиглах, биоаюулгүйн шаардлагыг хэрхэн хангах гарц хайж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тургуурт хөгжлийн бодлого”-д “Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ