Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал, Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурал зохион байгууллаа. Хуралд эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагууд оролцлоо.
Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэв.
АТГ нь авлигын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэстэй үнэн зөвөөр тодорхойлох, улмаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнчлэн бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор 2008 оноос эхлэн хэд хэдэн судалгааг хийж байгаа.
Энэ хүрээнд Монгол Улс дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, иргэд олон нийтийн төсөөлөл, хандлага, шударга байдлын түвшин зэргийг тодорхойлох цөөнгүй судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд явуулж байна. Мөн олон улсын хэмжээнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг дэлхийн улсуудтай харьцуулан жил бүр гаргаж байна. Азийн сангаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г 2006 оноос хойш жил бүр, “Бизнесийн орчин дахь авлигын талаарх ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-г 2010 оноос хойш жил бүр зохион байгуулаад байгаа юм.
Мөн энэ бага хурлын үеэр АТГ-аас зохион байгуулсан Шударга байдлын үнэлгээний гурав дахь удаагийн буюу 2018 оны үр дүнг танилцууллаа. Шударга байдлын үнэлгээг өмнө нь 2015, 2016 онд тооцон гаргаж байсан бөгөөд энэ нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлдэг нэгэн шалгуур үзүүлэлт болдог юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)