Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг дэлхий нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны их танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" сэдвийн дор болох чуулганд хот, хөдөөгөөс болон олон улсын байгууллагын төлөөлөл 550 хүн оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш оролцоог хангах зэрэг асуудлаар сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүлэх аж.
Чуулганд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын үүрэг оролцооны талаар байр сууриа илэрхийлнэ.