Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан.
Тус өдөр зам, тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдэж, дөрвөн хүн бэртжээ. Харин хүний амь нас эрсдээгүй байна.
Тээврийн цагдаагийн газарт зам, тээврийн ослын талаарх дуудлага өдөрт дунджаар 400 орчим бүртгэгддэг аж. Эдгээр ослын улмаас өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг гэсэн статистик байгаа юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна" гэв.
Б.Лхам