АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Өчигдрөөс эхэлж Их Хурлын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Гэр бүлийг нь хэрэв Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна гэдэг зүйл болж байна” хэмээн мэдээлэл хийсэн.
Энэ талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Манай байгууллага дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Их Хурлын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар зээл авсан эсэх асуудлаар шалгаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь хуулийн хүрээнд явагдаж байгаа. Гол нь улстөрчид өөрсдөө улстөрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хууль аяналтын байгууллагуудыг өөрсдийн улстөржсөн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж байгааг даруй зогсоо гэсэн шаардлагыг хэлж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс, ямар нэгэн байдлаар заавар зөвлөгөө, чиглэл өгч оролцож байгаа зүйл байхгүй” хэмээн мэдэгдлээ.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрлэлд нэр холбогдсон гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаж эхэлсэн. Тухайн үед Засгийн газрын гишүүн ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гэж хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авсан. Хэрэг бүртгэлийг үүнээс өмнө аравдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас нээн харьяаллын дагуу шалгуулахаар ирүүлсэн. Үүний дагуу тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа тус бүрт нь прокурорын байгууллагаас тасралтгүй хяналт тавьдаг. Улстөрчдийн ямар нэгэн нөлөөллөөр бусдыг баривчилсан, цагдан хорьсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. УХИ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын нэр бүхий гишүүд, улстөрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглан зээл авсан эсэх асуудлыг нягтлан шалгаж байгаа. Энэ шалгах ажиллагаанд үйлдэл тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Монгол Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах үүрэгтэй. Прокурорын байгууллагаас ямар хэмжээнд энэ хэргийн талаар өгч болох зөвшөөрөл өгчний дараа мэдээллийг өгч болно” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа аж. Цаашид шаардлага хангахгүй ААН-үүдэд зээл олгосон, ЖДҮ-д хамаарахгүй, нөлөө бүхий этгээдүүдийг нөлөөллөөр зээл авсан, зохих журмуудаа зөрчсөн зэрэг хууль бус үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдана гэдгийг хэлж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)