“Жорой Хулан” Арт студийг үүсгэн байгуулагч, зураач, дизайнер Т.Хулан хэмээх үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйтэй хэсэгхэн хугацаанд ярилцах завшаан тохиосон юм. Тэрбээр 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг төгссөн бол 2011 онд Япон улсын Окинава хотын Урлагийн дээд сургуулийг хүүхдийн номын дизайны чиглэлээр төгссөн билээ.
-Таны бага нас хэрхэн өнгөрөв?
-Миний аав Булган аймгийн харьяат хүн. Миний бага нас хөдөө өнгөрсөн. Хөдөөний жаалуудын хийдэг бүхнийг л хийж, мэдэрч өссөн дөө.
-Урлагт хэзээнээс дурлаж эхлэв. Дурсамжаасаа хуваалцвал?
-Би уг нь балетчин болъё гэж боддог байлаа. Ээж маань зөвшөөрөөгүй л дээ. Тэр хооронд би олон зүйлийг сонирхож, оролдож үзсэн. Тэгээд 16 настай Дүрслэх урлагийн дээд сургуульд Дарамбазар багшийн ангид орсон. Тэр цагаас л энэ урлагт хайртай болж эхэлсэн дээ.
-Бүтээлээ туурвиж байхад тань юу хамгийн ихээр хөглөдөг вэ?
-Би хувьдаа онгод байдаг гэж боддог. Зураг зурахгүй өдөр байх юм бол шөнө нь хар дарж сэрдэг. Нэг зүйл дутагдаад байгаа ч юм шиг хэцүү байдаг. Онгод минь ороод ирвэл хаа яваа газраа шууд тэмдэглэчихдэг. Хол замд галт тэргэнд, автобусанд явахдаа зураг л зурж явдаг.
-Уран бүтээлч бүрд өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Таны бусдаас ялгарах арга барил юу вэ?
-Зарим зураачид дан ганц морь зурдаг, зарим нь цэцэг зурдаг. Зөвхөн реалист зураг зурах нь ч их. Миний хувьд бол үзгээр дагнадгаараа онцлог юм болов уу. Бас багшаасаа өвөлж авсан нэг зүйл гэвэл хурдан гартай л байхдаа. Нэг бүтээл хийе гээд суух юм бол хурдан буулгадаг минь л юм болов уу.
-Зураачдыг хэт эмзэг, мэдрэмтгий гэж ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эмзэг байх тусмаа л нандин бүтээл хийдэг байх гэж би боддог. Улам ч эмзэг байгаасай гэж боддог юм. Миний хувьд хатуурхах үедээ хатуу байдаг. Хүн л юм чинь. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд зөөлөрчихсөн л байдаг. Ер нь эмзэг байх тусмаа тухайн хүний торгон мэдрэмж нь их байдаг юм шиг санагддаг. Зөвхөн зураач гэлтгүй хөгжмийн зохиолчид, яруу найрагчид байна. Хүүхэд шиг гомдоод л, нялхамсуу болчихдог. Уран зураг, яруу найраг, хөгжим гурав нэг зүйлийг гурван өөр өнцгөөс харуулдаг ертөнц. Гэхдээ энэ гурван өөр хүний ертөнц нь ижилхэн. Сэтгэлгээ нь ижилхэн. Гэхдээ илэрхийлэх арга нь өөр байдаг юм шиг ээ. Гэхдээ төстэй шүү. Бас балет, модель хоёр хоорондоо төстэй санагддаг.
-Гадаад үзэмж талаасаа юу?
-Гадаад үзэмж талаасаа ч , дотоод гоо сайхан талаасаа ч тэр. Балетчин болохоор тэр зохиолын мөн чанарыг хөгжимтэй уялдуулан биеэр илэрхийлдэг. Загвар өмсөгчид болохоор дизайнерын урласан хувцсыг хөгжимтэй хоршин, биеэр илэрхийлдэг. Ингээд анзаарахаар төстэй байгаа биз. Дээр нь кино урлаг, театр энэ гуравтай төстэй санагддаг. Манай охин “урлагийг зургаа л хуваадаг шүү дээ ээж ээ” гэж байна. Миний инээд хүрээд “юу гэж зургаа хуваадаг юм” гэж асуулаа. Тэгсэн чинь “уран баримал, архитектор, дизайн, уран зураг, хөгжим, театр, яруу найраг” гэсэн. Тийм л байгаа юм л даа. Театр дотроо кино урлаг багтчихна. Нэг ёсондоо багцлаад хуваачихсан хэрэг.
-Таны бүтээлүүдийг харахаар хийсвэр талдаа юм. Яруу найрагт ч тэр бусад урлагт хийсвэр бүтээлүүд олон нийтэд ойлгогдохдоо муу байдаг шүү дээ?
-Заавал ойлгомжтой байх албагүй гэж боддог. Реалист зургуудыг хүмүүс хараад л ойлгочихно. Гэхдээ дэндүү уйтгартай шүү дээ. Бүх зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Уран бүтээлч хүн хувьсах чадвартай байх ёстой гэж боддог. Хийсвэр зургийг хараад хүн их юм бодно шүү. Ер нь урлагийн хүмүүсийг өөр ертөнцийн зүйлсийг хүн төрөлхтөнд дамжуулдаг хэлмэрч нар л гэж боддог.
-Хамгийн хайртай, дурсамж агуулсан бүтээлийнхээ талаар яривал?
-Миний бүтээл болгон нэг нэг түүхтэй. Энд байгаа хорь гаруй бүтээлүүд ч гэсэн ардаа тус тусын түүхтэй, дурсамжтай. Бүгдийнх нь дурсамжийг яривал хэцүү юм болно доо.
-Ямарваа уран бүтээлчийн хамгийн сайн бүтээл, түүний хийж чадаагүй бүтээл гэж ярьдаг шүү дээ?
-Тэр бараг үнэн байх шүү. Би урьд нь мэдэрсэн мэдрэмжээ шууд буулгадаг байсан. Нүдний өмнө нэг кадр ороод л ирдэг. Хаа яваа газраа бал, цаас ч гэх юм уу тэмдэглэгээ хийх зүйл заавал авч явдаг. Санаа ороод ирэх л юм бол цаасны буланд ч хамаагүй зурчихдаг. Өмнө нь би ирээдүйгээ зөгнөж зурдаг байсан. Харин сүүлийн үед дурсамжийн зургууд зураад байгаа.
-Та дугуйлан хичээллүүлдэг гэсэн. Дугуйлангийнхаа талаар яривал?
-Ер нь бол хоббидоо хөтлөгдөөд л хийчихсэн юм. Бизнес болгоод явчихна гэж ерөөсөө бодоогүй. Зүгээр л хүүхдүүдэд хичээл заах гоё байдаг. Хүүхдүүд зурагнаас маш их аз жаргалыг авдаг. Би өөрөө эсрэгээрээ хүүхдүүдээс суралцаад байх шиг санагддаг байсан. Тэгээд нэг л мэдэхэд дуртай болчихсон доо. Намайг зорьж ирсэн хүүхэд болгонд урлагийн чихэр атгуулаад гаргахыг л боддог. Урлагийн тухай ойлголттой болоод гараасай гэж боддог. Ирээдүйд урлагийг ойлгодог, үнэлдэг хүн болоосой гэж хүсдэг.
-Та мөн “Coffee shop” ажиллуулдаг гэсэн?
-Японд сурч байхад байгаа газар, орчин нь их таалагдсан.Тэнд хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, нийгэм хүнээ халамжилж, хайрлаж байх ёстой гэсэн ухамсар бүгдэд нь суучихсан байгаа юм л даа. Тэгээд тухайн үед тухтай орчин бий болгохыг мөрөөддөг байсан. Ямартай ч нэг студитэй болно. Тэгээд хүүхдүүд орж ирээд бүтээлээ хийгээд, тоглоод байхаар. Хааяа уран бүтээлч ч юм уу, урлагийн тухай ярих хүсэлтэй нэгэнтэй хамтдаа цай, кофе уугаад сайхан яриа өрнүүлчхээр орчин байгаасай гэж хүсч байлаа. Тэгээд миний хүслүүд нэг цэгт биелчихсэн. Дээрээ бүтээлээ хийчихээд, доошоо буугаад үзэсгэлэнгээ гаргана гэх мэт бодол л яваад байсан болохоос биш ийм зүйл болчихно гэж санаагүй. Бүх бодлын минь зангилаа энд бүтээд ирэх шиг болсон доо. Олон жилийн мөрөөдөл л дөө. Гэхдээ хөгжүүлэх зүйл бол зөндөө байгаа байх аа. Тухайн үед бодож байсан зүйлээ энэ барилгад шингээсэн. Анх хоёр давхар засвар хийгдээгүй байсан. Тэгээд интерьерийнх нь ажилд оролцоод, санаа оноогоо хэлсээр байгаад л болгосон доо. Энэ Coffee shop булан байхгүй ч байсан болох л байсан байх л даа. Гэхдээ тухтай суугаад ганц хоёр зураг хараад, хоорондоо ярилцаад сууж байвал гоё ч юм шиг. Ханан дээрх зурагнууд солигдоод, тэр болгоноос өөр мэдээлэл авч байвал зүгээр ч юм шиг. Миний бодлоор хүний тархи кодлогддог юм шиг санагддаг. Байгалиасаа өгөгдөлтэй, түүнийхээ дагуу мэдээллийг цуглуулж, хурааж байдаг. Эргүүлээд бусдад түгээж байдаг гэж би боддог.
-Үзэсгэлэнгээ гаргахдаа юуг голчилдог вэ?
-Сүүлийн хоёр, гурван жил дараалаад гаргасан үзэсгэлэнгээ би их даруухан хийсэн л дээ. Ер нь бие даасан үзэсгэлэндээ нээлт, хаалт хийхгүй байя. Яг миний хийсэн бүтээлтэй санаандгүй учирч байгаа хүмүүст л зориулагдаж байг гэж бодсон. Зорьж ирээгүй, санаандгүй явж байгаад ирсэн хүмүүст хүрч байг гэж бодсон. Хүмүүсийг уриад л, хэвлэл мэдээллийнхэнг цуглуулаад л од болох гээд байгаа юм шиг байх нь лайтай санагддаг. Заримдаа би хаачихдаг. Яг үзмээр байна аа гэсэнд нь онгойлгоод өгдөг. Ийм байвал урлагийн үнэ цэнэ нь оршино гэж боддог. Би нэг зүйлийг гайхдаг юм. Үзэсгэлэн гэхээр л төлбөртэй юу гэж асуудаг хүмүүс их байдаг. Яагаад уран бүтээлчийн маш олон цагийн хөдөлмөр шингэсэн бүтээлийг үзэх гэж байж бяцхан төлбөр төлж болдоггүй юм бол оо гэж гайхдаг. Нэг талаас тэр хүн урлагийг, уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлэж чаддаггүй, нөгөө талаас манай нийгэм бас ямар байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа юм л даа.
-Бүтээлээ зурах тохиромжтой үе тань хэдий үе вэ?
-Шөнө, оройгоор суух үе их байдаг. Бодохоор нийгэм бужигнасан, хөл хөдөлгөөнтэй үеэр бид нарын анхаарал төвлөрдөггүй юм шиг байгаа юм. Үүр, шөнийн цагуудаар хүний анхаарал бас сайн төвлөрдөг юм байна лээ. Том том яруу найрагчид, зохиолчдын намтрыг уншихад, бүгд үүрээр дөрөв таван цагт босоод бичвэрээ хийдэг байсан байгаа юм. Уран бүтээлчдийг ажиглахад өглөөний эсвэл оройн цагуудаар суудаг. Би ч гэсэн оройн цагаар л суудаг.
-Энэ урлаг танд юуг өгсөн бэ?
-Бусдын мэдэрч чадаагүй том аз жаргалыг өгсөн. Энгийн хүний ойлгодоггүй тэр ертөнцийг ойлгуулсан. Тиймээс өдийг хүртэл хамт байгаа байх. Ойрд миний тархинд нэг бодол эргэлдээд байх боллоо. Анх би 16 настайдаа нэг сайхан залуутай учирсан. Тэр залууд би нэг их дурлаагүй. Тэр залуу хаа ч явсан миний дэргэд байгаад л байсан. Хөөрхий тэр харамч биш, өглөгч ч биш. Тэр залууг би маш олон удаа хуурсан, араар нь тавьсан. Маш олон удаа түүнээс залхаж үзсэн, дурлаж үзсэн. Тэр хүн бол миний ертөнц буюу зураг байсан. Тэгээд арван хэдхэн насандаа Дүрслэх урлагийн дээд сургуульд Дарамбазар багшийн ангид ороод зураг гэдэг ертөнцтэй албан ёсоор гэрлэчихсэн юм шиг санагддаг. Манай ээж хүртэл гайхдаг. Манай гэрт, манай удамд ч ийм хүн байхгүй гэдэг. Ингээд бодохоор яалт ч үгүй энэ урлаг миний гэрлэсэн залуу юм шиг байгаа юм. Хуурч ч үзсэн, урваж ч үзсэн. Гэхдээ баяр гунигтай ямар ч цаг хугацааны савлагаанд намайг орхиогүй. Эргээд гуйгаад очиход угтаад авдаг ганц ертөнц бол энэ урлаг л байсан.
-Зурах сонирхолтой, мөн энэ урлагт дурладаг гэж хэлбэл зүгээр байх. Тэдгээр хүүхэд, залуучуудад хандаж бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?
-Урлаг гээд байгаа энэ нөхөр амьдралын минь нэг хэсэг болчхоод байна шүү дээ. Энэ урлагийг сонирхож байгаа олон залуучуудад хандаж хэлэхэд, тууштай шантрахгүй байгаарай гэж хэлмээр байна. Ихэнх нь шантардаг шүү дээ. Надад ч гэсэн тийм үе байсан. Хүн чамайг үнэлэхгүй, ойлгохгүй байж болно. Хүн чиний бүтээлийг хайрлахгүй байж болно. Хүн чамайг юу гэж бодно тэр чиний хувьд асуудал байх ёсгүй. Харин чи өөрийгөө хэн боддог чинь л чухал. Би мундаг гээд хамраа сөхөөд байж бас болохгүй. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэг шиг л байх хэрэгтэй. Чаддаг байсан ч гэсэн би чадна аа гээд сагсуураад байх дэмий. Хүлээцтэй, хүлцэнгүй байх хэрэгтэй. Би ч гэсэн дөрөв таван жил дарамтад, уналтад орж явсан. Тэр үед хийж чадаагүй бүтээлүүд маань, хүүхдүүд маань л намайг босгосон доо. Энэ амьдралд эрээн бараан сүлэлдэж байх үед тэр хар нүхнээс гаргадаг зүйл бол урлаг л байдаг юм байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд нулимсаа арчаад гүйж явсан үе ч надад бий. Тэр үед чи хэлсэндээ хүрсэнгүй дээ, амлалтдаа хүрсэнгүй дээ гэсэн бодлууд хүнийг авч үлддэг юм байна лээ. Бүх зүйл утгагүй санагдаад байвал ирээдүйд тавьсан зорилгоо умартахгүй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх хэрэгтэй. Одоо бол хэдэн сайхан бүтээл хийе, одоо л дүрэлзэхгүй юм бол хэзээ дүрэлзэх юм бэ гэх үгсийг өөртөө хэлж, өөрийгөө ташуурддаг болсон доо.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (3)