УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын агуулгыг шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, өмнө нь хийгдсэн сургалтын туршлага сургамж, оролцогчдын саналд үндэслэн дахин боловсруулах ажлыг “Монфемнет” ТББ шалгаран гүйцэтгэж байгаа юм. Сургалтын талаар Төслийн үндэсний зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа.
-“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын онцлог нь юу вэ. Сургалтынхаа талаар танилцуулаач?
-Эмэгтэй төлөөлөгчдийн тоо сумдад нэмэгдэж байгаа ч нийслэл, аймгийн түвшинд буураад байгаа. Тэр нь Сонгуулийн тухай хуулинд женерийн квот байхгүй болсонтой холбоотой. Гэтэл 1.4 сая хүн амтай нийслэлд дүүргүүдэд олон асуудлууд тулгарч байгаа. Тэгэхээр тухайн асуудлуудыг эмэгтэй хүний нүдээр харж, шийдэх ажлуудыг хийх хэрэгтэй байдаг. Тухайлбал, Цэцэрлэг, ясли, өдөр өнжүүлэхээс эхлээд амьдралд ямар хэрэгцээ байгааг бид харж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд тодорхой хэмжээний шийдвэр гаргах түвшинд гарч ирж байна. Гэхдээ тухайн эмэгтэйчүүдийн давуу талууд нь хувь хүнийхээ түвшинд байгаад байдаг.
Тулгамдаж байгаа шийдэх асуудлууд нь нийгмийн олон талтай, төвөгтэй, их олон салбарын асуудал байгаад байгаа. Тэр асуудлуудыг шийдэхийн тулд хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Учир нь дангаараа манлайлаад үр дүнд хүрэхгүй. Орон нутгийн шийдэл шаардсан асуудлуудыг хамтдаа яаж нэгдсэн шийдэл олох вэ гэдэг нь энэ сургалтын гол агуулга. Мөн хамтын манлайллын тодорхой ур чадваруудыг уг сургалтаар олгохыг зорьж байна. Үүнд Орон нутгийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна, түүний илэрч байгаа суурь шалтгааныг олох, шийдлийг яаж гаргах ур чадварыг олох. Хоёрдугаарт хамтын манлайллын чадамж учраас дангаараа ажиллаад нэмэргүй.
Тэгэхээр тухайн асуудлыг шийдэхийн тулд олон талт оролцогчдыг яаж татаж оролцуулах, тэдэнд хэрхэн нөлөөлөх, мөн бусдыг яаж үйл ажиллагаандаа оруулцах вэ гэдэг асуудлыг ярина. Үүний тулд өөрийн манлайллын түүхийг хэрхэн бий болгох, бусад хүмүүсийг ярих урлагаар үйл ажиллагаанд нэгтгэх зэрэг агуулга бүхий сургалтыг 21 аймагт бид зохион байгуулаад ирсэн. Сургалтын нэг онцлог нь иргэдийн оролцоог баталгаажуулсан маш олон хуулиуд гарсан. Тухайн хуулиудыг Иргэдийн Төлөөлөгчид л барьж авч, амьлуулахгүй юм бол өөр хэн амьлуулах вэ. Төв аймагт гэхэд энэ сарын 25-ны өдөр Уул уурхай, иргэдэд тусч буй нөлөөний асуудлаар нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сургалт хийхээр болоод байна.
-Эмэгтэйчүүдийн манлайллаар бий болсон өөрчлөлт юу байдаг вэ?
-Манлайлал гэхээр хүмүүс бусдаас тасран цойлох тухай яриад байдаг. Гэтэл манлайлал гэдэг бол бусадтай хамтран хөгжих тухай үйл явц. Маш олон жишээ байдаг. Тухайлбал, Ховд аймгийн Мөст суманд ганцхан эмэгтэй төлөөлөгч байдаг. Аливаа асуудалд дэмжлэг дутуу байхад тухайн аймгийнх нь эмэгтэй төлөөлөгчид ирээд хамтраад шийдэж байгаа зүйл байна. Зөвхөн сумын төлөөлөгч дангаараа биш аймаг хамтын түвшин хооронд бий болж байгаа жишээ байна.
Мөн Булган аймгийн Иргэдийн хурлын эмэгтэй төлөөлөгчийн сургалтын дараа бүгдээрээ хамтраад нам үл харгалзан, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийгээд орон нутгийн өмнө тулгамдаж буй нэг асуудлыг сонгон авч хамтран ажиллаж байгаа. Орон нутгийнхаа төсөвт хамтдаа төсөв тусгуулсан зэрэг жишээ байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа биш орон нутаг болон иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг эмэгтэйчүүдийн нүдээр олж хараад эмэгтэйчүүд хамтдаа шийдэж байгаа их олон жишээ байгаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд төр түшилцэх нь харьцангуй ихэссэн. Гэтэл нам даган хэрүүл тэмцэл хийхээс өөр гавихгүй байгаа гэх шүүмжлэл ч байдаг шүү дээ?
-Эмэгтэйчүүд байхгүй байснаас болоод ямар үр дагавар гарсан бэ гэдгийг ярьвал хүмүүс илүү ойлгоно. Нэгдүгээрт, төрөлт ихсээд байхад амаржих газрууд хангалттай нэмэгддэггүй, эдгээр газруудад төсөв байддагүй байсан. Эмэгтэй УИХ-ын гишүүд гарч ирснээр уг асуудлыг хөндөж төсөвт суулгуулсан.
Мөн сүүлийн гурван жилд л цэцэрлэг барихад улсын төсөв сууж байгаа. Өмнө нь гишүүд зөвхөн өөртөө, тойрогтоо оногдсон мөнгөөр л санаачилгаараа хийж байсан. Гэтэл төрөлт нэмэгдээд хүн ам олон болоод байна гэж байгаа ч эмэгтэйчүүд байхгүй газар ямар төсөв гарч байсан гэхээр нэг ч цэцэрлэг, сургууль барих төсөв суудаггүй байсан. Тэгэхээр энэ бол хамгийн наад захын жишээ юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шийдвэр гаргадаг.
-“Монфенмет” байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Байгууллагынхаа талаар яривал?
--“Монфенмет” үндэсний сүлжээ бол 24 байгууллагаас бүрдсэн сүлжээ юм. Хүний эрхийн төлөө ажилладаг. Ардчилал, нийгмийн шударга ёс, байгаль орчин, эмэгтэйчүүдйин эрх, хүүхдийн эрх, эрчүүдийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг ийм байгууллагуудын нэгдэл гэж хэлж болно.
-Танай байгууллага өмнө нь ямар сургалтуудыг зохион явуулж байв?
-Ер нь манайх олон бүлгүүдэд сургалт явуулдаг. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн багийн иргэдийн нийтийн хурал сая захиалга өгсөн. Манлайллын болон хуулийн талаар сургалтаа хийгээд өгөөч гэсэн. Мөн залуус, хуульчид, хорооны нийгмийн ажилтад гээд олон нийтийн оролцоотой ажлуудыг явуулсан.
-Сургалтыг ямар багш нар явуулдаг юм бэ?
-Сургалтыг гишүүн байгууллагуудын багш нар дагнаж явуулдаг. Сургагч багшаа гишүүн байгууллагуудаас иргэний нийгэм, хуулийн талаар илүү туршлагатайг нь сонгож авдаг.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)