Нийслэлчүүд гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих болон үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд туслалцаа үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвтэй боллоо. Тус төв нь Монгол Улсын анхны Инновацийн төв бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар байгуулж, өнөөдөр нээлтийг нь хийсэн юм.
Төвийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн газар, агентлагуудын удирдлага, бизнесийн салбарынхан, залуучуудын төлөөлөл оролцов. Нийслэл хотыг урьд өмнө нь нийт 32 Засаг дарга удирдаж байсан бөгөөд С.Батболд дарга тэднээс анхлан инновацийг дэмжиж, нийслэлийн хүүхэд, залуус, бизнесийн салбарынхныг Инновацийн төвтэй болгож байгаа юм.
Тэрээр 2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болж, Нийслэлийн захиргааны бүтэц бүрэлдэхүүнийг батлуулахдаа Үйлдвэрлэл, инновацийн газар, Залуучуудын газар гэсэн хоёр газрыг анх удаа тусад нь байгуулсан. Өмнө нь түрээсийн аж ахуйн нэгжүүд байрладаг байсан Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байранд Инновацийн төвөө байгуулж, залууст ийнхүү эргүүлэн өгч байгаа юм. Мөн Бизнес, инкубатор төвүүдийг дүүргүүдэд ажиллуулж, дэлхийн хэмжээний шинэ мэдлэг, мэдээлэлтэй залуучуудыг танилцуулж байна.
Энэхүү төв нь Улаанбаатар хотод шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэн бойжуулах, залуусыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бүрдүүлж, инновацийн тогтолцоог бий болгох зорилготой юм.
Уг төвийн нэгдүгээр давхарт гарааны бизнесүүдийг бойжуулах, үйл ажиллагааг нь хурдасгах зориулалттай оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөнүүдтэй. Харин хоёрдугаар давхартаа оффис шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан танхимтай юм.
Мэдлэгт тулгуурласан инновацийн технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн хүчин зүйл болж байгаа өнөө үед ийм төвтэй болж буй нь шинэ залуу энтрепренерүүд, гарааны start up бизнес эрхлэгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг нээлтэд оролцогчид тэмдэглэж байлаа.
Монголчууд төрөлхийн энтрепренер хүмүүс, тэд хаана өвөлжих, хаваржихаа хэнээр ч заалгалгүй өөрсдөө эрсдлээ үүрээд, аливаа бүхнийг зориглон хийгээд сурчихсан байдаг гэдгийг гаднынхан ажиглаж мэдсэн. Тиймээс монголчуудтай шинэ түвшинд харилцахад бэлэн болж байгаа гэдгийг залуучууд хэлж байсан юм.
Membership картыг тус төвөөс худалдан авснаар 24 цагийн үйл ажиллагаатай төвийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтойг ажилтнууд нь хэлж байв.
Төвийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай эдийн засаг солонгороогүй, ганц хоёрхон салбараас хамааралтай байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн эрчим дунд түүхий эдийн үнэ өсөхөөр Монголын эдийн засаг бага зэрэг өсдөг .Унахаар дагаад унадаг нөхцөлд байна.
Тэгэхээр монгол хүний оюун ухаанд суурилсан ,монгол хүний оюун ухааныг дайчилсан бизнесийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх нь миний хүсэл мөрөөдөл байсан. Ингээд Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ийм төв байгуулахаар шийдсэн. Намайг оюутан байхад энд Залуучуудын Соёлын төв байсан. Харин сүүлийн 20-иод жил энэ төв контор болж хувирсан.
Нэлээд хүчин чармайлт гаргаж байж бид энэ төвийг залуучууддаа буцаан өгч байна. Гэхдээ залуус энд дуулж зугаацах гэж биш, оюун ухаанаа хөгжүүлдэг бизнесээ бий болгож ажилладаг төв болгож байгаадаа баяртай байна.
Би залуучуудынхаа оюун ухаанд итгэдэг. Өнөөдөр энд гарааныхаа бизнесийг эхлүүлж байгаа залуучууд гүүглтэй адилхан, Фейсбүүктэйтэй адилхан тийм том компаниудыг байгуулаад, дэлхийд монгол хүний оюун ухааныг худалдаж амьдрах сайхан шинэ үе ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай Инновацийн төв бол орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн ажлын байр ямар байх ёстой вэ, эко орчныг яаж бүрдүүлэх вэ, ажиллах амрах орчныг яаж бүрдүүлсэн байх ёстой вэ, тэр бүхнийг бүрдүүлсэн. Цаашдаа энд дандаа оюунлаг залуучууд цуглаж, шинэ санаа шинэ, бүтээл гарсан төв болно гэж итгэж байна. Энэ төв бол Монгол Улсад анхных. Үүнийг дагаж Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүдэд өөр өөрийн Инновацийн төвүүд нээгдээсэй гэж хүсч байна” гэлээ.
Үүний дараа тэрээр Амжилтын хонхыг цохиж төвийг нээсэн юм.
Нээлтэд оролцсон зарим хүний байр суурийг энэ үеэр сонслоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Аль ч улс орын хөгжлийг шинжлэх ухаан, технологийн мэдлэг, аж үйлдвэрийнх мэдлэг гэсэн хоёр түвшинд үнэлдэг болсон. Инновац бол хамтын ажиллагаа, ухаалаг хэрэглээ, залуусын хүлээлт юм. Ийм сайхан төвийг нээж байгаа Нийслэл хотын удирдлага, Нийслэлийн ИТХ-ынханд баярлаж байна. Төр, захиргааны байгуулагуудын үйл ажиллагаа цахим, инновацид тулгуурласан байдлаар хөгжих ёстой. Шинэ зууны монголчуудын оюун санааны тусгаар тогтнолын эхлэл энэ болж байна.
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:
-Түүхэн том үйл явдлын эхлэл өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн ХХ зуун эдийн засгийн цар хүрээгээр өрсөлддөг зуун байсан. Одоо бол инноваци, шинэ технологийн эрин эхэлж байна. Монголын эдийн засгийг солонгоруулах үйл ажиллагаа эндээс эхэлнэ. Монголын скайп эндээс гарч ирнэ. Олон залуусын нүдийг нээсэн сайхан үйл явдал болж байна. Залуучууд БНСУ-д биеэрээ очиж ажиллахаас гадна олон залуучууд эндээс, эх орноосоо онлайнаар БНСУ-тай харилцаж ажилладаг болсон байна.
Нэг феодалыг нөгөө феодалаар солиод улс орон хөгжихгүй. Харин оюун санаа, шинэ технологийг хөгжүүлж байж улсаа хөгжүүлнэ гэдгийг залуучууд мэддэг болж байна.
-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ:
-Энэ төв нь инновацийн тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар инновацийн эко системийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.
Манай төв дөрвөн үндсэн бүтэцтэй. Хамтын оффис, инкубатор хэсэг, лабораториуд, арга хэмжээний хэсгээс бүрдэнэ. Өнөөдрөөс эхлээд бид гарааны компаниудын нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Долдугаар сарны 1 хүртэл хамтран ажиллах саналаа илэрхийлсэн материал хүлээж авна. Тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа гарааны компаниудынхаа үйл ажиллагааг жигдрүүлнэ. Аль болох олон салбар хамруулахыг хичээнэ. Монголын залуучууд дэлхийд мэдээллийн технологи буюу IT чиглэлээр товойж гарах боломжтой гэлээ.