“Эдү-Эс” сургалтын төвийн захирал А.Нансалмаатай ярилцлаа.
-БНСУ-ын сургуульд суралцахаар санаа шулуудсан хүүхдүүд очоод хэлний бэлтгэлд сурдаг. Гэтэл танай байгууллага сургуульд зуучлахын хажуугаар хэлний мэдлэг олгодог юм байна. Хөтөлбөрийн давуу тал нь юу юм бол?
-Үүнийг ярихаас өмнө би өөрийн туршлагаас сонирхуулъя. Би БНСУ-д найман жил амьдарсан бөгөөд архитектур мэргэжлжээр суралцсан. Эхний жилийг хэлний бэлтгэлд зориулсны эцэст нэг л хэлийг эзэмшсэн юм. Үргэлжлүүлээд архитектурын чиглэлээр таван жил сурч, амьдралынхаа ихэнх хугацааг сургуульд сурч өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөөд нийгэмд хөл тавихад надаас англи хэлний мэдлэгийг давхар шаардсан нь хожуу ухаарал байв. Үүгээрээ би ямар их цаг хугацааг алдсан гэдгээ ойлгосон. Харин АСЕМ-ын уулзалтаар эх орондоо ажиллахаар ирээд улсынхаа нийгмийн байдлаас өөрийнхөө гаргасан алдааг олж харсан. Учир нь манай улсын нийгэмд боловсролтой хүүхдүүд болон боловсролгүй хүүхдүүдийн ялгаа их байхын хажуугаар хэлний мэдлэгийг тухайн оронд нь сайн эзэмшинэ гэсэн хандлага ажиглагдсан л даа. Үүнээс эцэг, эхчүүдийн гаргадаг алдаа нь хүүхдээ хэлний бэлтгэлд явуулдаг. Харин хэлний бэлтгэлд явснаар хүүхэд нэг насаа үрсний эцэст нэг л хэл сурдаг. Тиймээс зорилго, тэмүүлэлтэй байснаар хэлийг хаана ч, сурч болно гэдгийг сургалтаараа дамжуулан бусдад ойлгуулахаар шийдсэн. Хурдан хугацаанд сурах аргыг нь бид хэлж өгье. Өөрөөр хэлбэл, зургаан сарын хугацаанд хүн хоёр дахь хэлээ бүрэн дүүрэн эзэмших боломжтой гэж байгаа.
-Нэг жилийн хугацаанд олгодог мэдлэгийг зургаахан сарын дотор заах юм байна. Гэхдээ энэ хугацаанд чанартай боловсрол олгож амжих уу гэдэг асуултыг асуухад хүргэж байна?
-Хүнд маш олон төрлийн чадамж байдгаас сонсох, унших, бичих, ярих гэсэн дөрвөн төрлийн чадамж нь хэл сурахад тулгуур болдог. Энэ чадамжийг эзэмших гол арга нь дадал юм. Гэхдээ дадлыг байнгын оролдлогоор бий болгоно. Харин бид зөв дадлыг сургалтаараа төлөвшүүлье гэж байгаа юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг төгссөн сурагч манай сургалтад сурснаар зөв төлөвшсөн оюутан болж их сургуулийн ширээнд сууна. Учир нь төлөвшүүлэх сургалт буюу хичээлийн хажуугаар сурагчдад тархины тэжээл болгож, урам зориг өгөх лекцүүдийг тавьдаг. Үүнээс сурагчдад зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл илүү төрөх юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд би үүнийг чадна гэтэл нь хүүхдийг хурцална гэсэн үг. Ингэснээр хүүхэд ч эрч хүчтэйгээр хичээлээ хийж эхэлдэг. Ер нь хүн аливаа юмыг сурч эхлэхдээ би үүнийг яаж сурна даа гэсэн сөрөг энерги үүсгэж сурдаг юм байна. Ингэснээр оюун санаандаа удаан хугацаанд дарамт үүсгэж байгаа юм. Харин бид эсрэгээр нь “үүн шиг амархан зүйл байхгүй” гэдэг бодлыг тархинд нь суулгаж өгдөг.
-Таны ярьж буйгаас харахад сурах зөв дадлыг суулгах юм байна. Суусан зөв дадлаараа нэгээс олон хэлийг сурах боломжтой юу?
-Хүүхдүүдэд санал болгож байгаа бас нэг боломжийн нэг нь энэ. Хүн нэг хэлийг удаан хугацаанд сурахаар залхаж эхэлдэг. Үүнээсээ болж би сурч чадахгүй юм байна гэж сэтгэл санааны уналтад ордог хэсэг үе бий. Харин бид энэ үед нь өөр нэг хэлийг анхан шатнаас нь зааж эхлэх юм. Солонгос хэлийг эцсийн түвшин хүртэл нь сурна гээд зорилго тавьсан ч зорилгоосоо буцах үе гарвал өөр нэг хэлийг анхан шатнаас нь зааж эхэлдэг. Үүнийг бид зөвлөхдөө “чи тархиа компьютер гэж төсөөл, энэ компьютер дотор Сурж буй Солонгос хэлэндээ зориулж Солонгос хэлний хавтас үүсгэсэн байгаа бол дахиад Англи хэлний хавтас үүсгэчих юм. Гол нь тэр үүсгэсэн хавтас дахь мэдээллээ бүгдийг нь цэгцлээрэй. Ингээд нөгөө талд байгаа хоосон хавтсандаа мэдээллээ эмх цэгцтэй хийгээрэй” гэх мэтээр сургалтаа явуулах юм. Тухайлбал, Англи хэлний өгүүлбэр зүй ямар байх вэ?, тэмдэг нэр нь ямар бүтэцтэй байна вэ? зэргээр өгүүлбэрийн бүтцийг заана. Үүний хажуугаар Солонгос хэлний бүтэцтэй хавтсаа гаргаж, харьцуулах замаар сонирхлыг нь төрүүлэх юм. Хүний далд ухамсар гэж байдаг. Энэ нь хүн өөрөө ч мэдэлгүй санамсаргүй байдлаар аливаа зүйлийг тогтоочихсон байдаг. Энэ үед сурагч тогтоосон мэдлэгээ гаргаж ирж байгаа юм. Үүгээрээ хүүхдэд юу ч сураагүй биш, харин ч сурах зүйлээ сураад, мэдээд авчихсан байна гэдгийг хэлж байгаа юм. Хүүхэд ч үүнд урамшдаг.
-Уламжлалт арга барилыг халсан сургалт гэж ойлгож болох уу?
-Багш самбар дээр хичээл заана, түүний хэлсэн бүхнийг сурагч мэдэж байх ёстой гэдэг нь бидний сурч ирсэн арга барил юм. Харин бидний арга барил нь хүүхдэд бүтээлч сэтгэлгээг бий болгох юм. Багш самбар дээр 10 үйл үг, 10 тэмдэг нэр, 10 нэр үг бичихэд хүүхэд бүтээлч сэтгэлгээгээр сэтгэж 1000 өгүүлбэр зохиосон байх жишээний. Энэ дадлыг сургалтаараа олгодог гэсэн үг. Мөн хүүхдүүдийн тархийг байнгын ажиллагаатай байлгаж, идэвхтэй байдлыг шаардана.
-Зургаан сар гэж сонгосон шалтгаан нь юу юм бол?
-Хүн хоёр дахь хэлээ сурахад зургаан сар хэрэгтэй гэдгийг эрдэм шинжилгээний баримттайгаар нотолчихсон зүйл. Манай сургалтаар эзэмшүүлдэг хэлнээс харахад нэгээс зургаан түвшинтэй буюу анхан, дунд, гүнзгий тус бүртээ хоёр шаттай байдаг. Тухайн сурагчийн ямар хугацаанд сурах нь хэрхэн дадлагажсанаас шалтгаалдаг. Та магадгүй зураг зурж чаддаггүй байлаа. Харин тавхан хоногийн дотор сурна гэвэл та итгэх үү. Энэ юу вэ гэвэл зорилго, тэмүүлэл, дадал юм. Эдгээр зүйл гол зарчим болдог. Тиймээс ч энэ бүхнийг шингээсэн зургаан боть номыг манай сургалтын төв бэлтгэж байгаа. Есдүгээр сард гаргахаар төлөвлөөд байна. Үүний үр дүнд багшийн шаардлагагүйгээр номноос бүхнийг сурах боломжтой болно гэсэн үг. Ерөнхийдөө сайн багш хайж сургалтын төвийн хаалга тогшдог үе халагдана. Үүнээсээ улбаалаад онлайн сургалт, хичээлүүдийг гаргаж эхлэх юм. XXI зууны хүүхдүүдэд оплайн хичээл хоцрогдсон.
-Тухайн орчинд нь нэг жилийн хугацаанд сурдаг мэдлэгийг зургаан сарын дотор Монголдоо бүрэн сурч чадах болов уу гэж эргэлзэхэд хүргэж байна?
-Манай улсаас БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд хар ярианы хэлийг сурсан байдаг. Гэтэл хичээл хийж байгаа хүмүүстэй харьцуулахад хоцрогдмол, хайрцаглагдсан харагддаг. Тухайн хүн 10, 15 жил амьдарсан хэр нь зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлийг л сурсан байгаа юм. Тэгвэл тэр хүнийг сургалтад суулгавал хэдийг нь тархиндаа авч үлдэх вэ. Эндээс миний хэлэх гэсэн санаа нь тухайн хүн ажил хийж, хөдөлмөрлөх дадлыг л олсон байна. Үүгээрээ тухайн орчинд сурна гэсэн бодол хүнийг хайрцагладаг гэдгийг хэлэх байна. Энэ хайрцагнаас гарсан хүн хаана ч байсан сурч чадна. Түүнчлэн бид дадлагын хажуугаар сурагчдаа хөгжүүлэх орчинг бүрдүүлж байна. Тухайлбал, анхан, дунд, гүнзгий шатны сурагчдыг бямба гариг бүр уулзуулж өдөрлөг зохион байгуулдаг. Өдөрлөг дээр бид Монгол хэлээр ярьж болохгүй гэсэн дүрэмтэй.
-Хэлээ төгс эзэмшсэн сурагчдад боломж олгох уу?
-Сурагч зургаан сарын хугацаанд бүх зүйлээ сурчихлаа. Тэгвэл дуртай сургууль руу нь тэтгэлэг болон төлбөртэй сургуульд явуулъя. Нэгэнт суурийг нь эхэлсэн юм чинь цогцоор шийдэх үүднээс, гадны сургуулиудад зуучилж байгаа. Одоогоор БНСУ-ын сургуулиудад тэтгэлгээр сургаж байна. Мөн Австралийн сургууль, АНУ-ын байгууллагатай хамтарч байна. АНУ-д сургах боломж олгохоор Монголдоо анхдагч байгууллагатай хамтарч боломжийн үнээр сургая, гарцыг нь нээж өгье гэж байгаа. Ер нь хүүхдүүд мэдлэг, боловсролоороо өрсөлддөг болсон энэ үед бид боломжийг нь нээж өгөхөөр зорьж байна.
С.Нацагтовуу