Өнөөдрийн дуулианы гол сэдэв Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг хэлэлцсэн шүүхийн шийдвэр байлаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш хэлэлцээд төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Уг нь Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. Хамгийн сонирхолтой нь энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн хурлыг алдарт хэргүүдийн шүүгч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалсан нь байсан юм.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон бөгөөд олон алдартай хэргүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэдгээрээ мөн л алдартай нэгэн. Ховд аймгийн гаралтай тэрбээр хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэж олны анхаарлыг татаж байсан. Улс төрийнхөн оролцсон хэргүүдээс 2012 онд Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаят үүсгэсэн хэрэгт шүүгчээр оролцож байсан. Түүнчлэн даргаа хөнөөсөн хилчид, япон багшийг боомилсон монгол залуу, “Шар хад”-ны эцэст хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн А.Идэрзаяад холбогдох хэрэг зэрэг дуулиант олон хэргийг шүүж байв. Ийм алдарт хэргүүдийг шүүж байсан М.Алдар шүүгчийн шийдвэрээр улсад 800-гаад сая төгрөгийн хохирол учруулсан БНСУ-ын иргэн Ли Жон Ёл 40 сая төгрөгийн торгууль хүлээхээр болов.
Дашрамд дурдахад Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа гэсэн сонирхолтой судалгааг Нээлттэй нийгэм форумынхны дэмжлэгээр мэргэжлийн судлаачид хийснийг https://www.forum.mn/res_mat/2016/Shuugchiin%20tomilgoo.pdf холбоосоор орж уншихыг уншигчдадаа санал болгоё. Тэр судалгаанд дурдсанаар “Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилохоос гадна шүүгчид нэр дэвшигчийг өөрт нь санал болгодог байгууллага болох Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох болсон нь улс төрөөс, ялангуяа Ерөнхийлөгчөөс шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжийг улам нэмэгдүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн эрх ашгийг хамгаалах ёстой үүрэг бүхий баыгууллага нь Ерөнхийлөгчийн институтийн “хавсарга” байгууллага болох нөхцөлийг бүрдүүлж болзошгүй” гэсэн байна билээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (25)